Хэдхэн хувь номыг минь хэн олж унших вэ?

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Хэрэв та номын баярын үеэр өглөө эртээ очоод харвал, Д.Сүхбаатарын талбайн тал бүрээс тортой, хайрцагтай, ууттай ямар нэг юм дааж ядан барьсан, тэвэрсэн, дамжилсан, тэрэг чарга түрсэн, чирсэн хүмүүс яг л нэг шоргоолж аятай явганалдах вий. Тэр чинь л зохиолч, яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч гэсэн гуншинтай ном гэхээр ухасхийдэг бидний хэдэн нөхөд л шинэхэн номоо түмэндээ хүргэж, сэтгэлийн тэжээл авахаар зүтгэж яваа хэрэг юм. Тэдэнд ойртоод яриаг нь чагнавал ёстой ихийг дуулна...

ХЭДХЭН ХУВЬ НОМЫГ МИНЬ ХЭН ОЛЖ УНШИХ ВЭ? /Хоёр зохиолчийн санааширсан яриа/

-Та бидний ном хэвлүүлэх ч дээ, ээ дээ, мөн ч явдалтай даа. Ажил хийдэг нэг нь хэдэн сарын цалингаа зарна, бага сага юм цааш нь хийсэн бол түүнээ үгүй хийнэ, тэтгэврийн хэдээ шавхана, за тэгээд үр хүүхдийнхээ гарыг харна, буянтай хүмүүсийн дэмийг хайна. Тэгж л байж хэдхэн хувиар арайхийж хэвлүүлсэн номоо наадамд түрүүлж ирэх хурдан хурц хүлгээ олж харсан уяач шиг сэтгэл догдлон хүлээж авах нь нэн бахтай ч, өртэй голдуу хоцрох нь л тун бэрх.

-Номоо гардаад авсан цагт ч ёстой л юмтай хүн шиг загнана даа, харин ч нэг. Гарынхаа үсгийг зураад л бэлгэнд нэг хэсгийг нь явуулна. Номын нээлт гэж найр шиг юм ч нэг хэсэг хийдэг байлаа. Бизнес эрхэлдэг нэг хүн, та чинь номоо хэвлүүлэх гэж мөнгө зараад, нэмж найр хийгээд, бас тэгээд гарын үсэг зурж номоо бэлэглээд ард нь яаж болдог байна гэж гайхах маягтай асууж байсан. Үгүй тэгээд номын буян юм байх, ямар ч л байсан та бид хоосон хоноогүй дээ. Хамгийн гол нь номоо гаргаж, сэтгэлээ баясгах юм даа.

-Харин тэгж байдгаа зарж, хөөрч догдлон байж хэвлүүлсэн хэдхэн хувь номыг минь хэн олж унших вэ ээ гээд бодохоор л жаахан урамгүй болдог юм. Гурван зуу, таван зуу, бүр мянган хувь байлаа ч гэсэн хоёр гурван сая хүн, хэдэн мянган их, дээд, дунд сургууль, эмнэлэг, номын сан, төрийн болон хувийн байгууллагууд... Үгүй тэр олон газрын чинь хаана нь борооны ганц дусал шиг онож тусах вэ? Аймаг, сум болгонд ганц ганцыг хүргэлээ гэхэд л дөрвөн зуугаас наашгүй. Ийм байхад бидний номыг хэн олж уншсан байх вэ?

-Харин тийм ээ! Ерөөд оноос өмнөх ямар ч номын хавтсыг нь нээгээд хэвлэсэн тоог нь харахад, таван мянгаас доош хэвлэсэн нь тун цөөхөн дөө. Арван мянга, хорин мянга бүр дөч тавин мянга гээд л тоо ширхэг нь цааш талийж өгнө. Харахгүй юу тэр, захаасаа аваад энэ байна.

-Александр Пушкины “Евгений Онегин” шүлэглэсэн романыг 1956 онд арван мянга,

-Николай Гоголийн “Амьгүй албат нар” романыг 1959 онд хорин мянга,

-Марк Твений “Гекельберри Финнад тохиолдсон адал явдал” роман 1965 онд арван мянга, -Виктор Гюгогийн “Зоригт далайчид” роман 1965 онд арван мянга,

-Рафаэлло Жованьолигийн “Спартак” роман 1965 онд арван таван мянга,

-Этель Войничийн “Соно” роман 1977 онд арван хоёр мянга зургаан зуу,

-Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” роман дөрөв дэх удаагаа 1987 онд хорин мянга,

-Фёдор Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” роман 1983 онд арван мянга,

-Рабиндранат Таагүрийн “Гора” роман 1963 онд арван мянга,

-Алексей Толстойн “Зовлон туулсан нь” романы нэг дэвтэр л гэхэд 1963 онд арван таван мянга,

-Дэнзэн Норгойн “Цаст уулын барс” намтар бүтээл 1965 онд арван мянга,

-Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туульс 1962 онд арван таван мянга,

-Жек Лондоны “Саран хөндий” роман хорин таван мянга,

-Мигель Де Сервантесийн “Кихот ноён” роман 1971 онд арван нэгэн мянга,

-Борис Полевойн “Ёстой хүний тухай тууж” 1952 онд 20153 хувиар тус тус хэвлэгдэж байж дээ. Ямар вэ дээ!

-Миний мэдэхийн л лав Александр Дюмагийн “Монте Кристо гүн” романыг гурван дэвтрээр тус бүрийг нь 40 мянган хувиар хэвлэж байсан. Нийт дүнгээрээ зуун хорин мянган ширхэг хувиар уншигчдын гарт хүрсэн гэсэн үг. Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” дөрвөн дэвтэр романыг 1989 онд хоёр ботиор дахин хэвлэхдээ тус бүрийг нь арван найман мянган хувиар гаргаж байжээ. Гучин зургаан мянган ном гэдэг хүрэлцээтэй байлгүй яах вэ!

-Орчуулгын төдийгүй өөрсдийн зохиолчдын роман, тууж, өгүүллэг бусад бүтээлүүдийг ч тэгж л олон хувиар хэвлэж түмэн олондоо түгээж байсан байх юм.

-Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэвийн “Орос-Монгол толь”-ийг 1982 онд дахин хэвлэхдээ 100 мянга,

-Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг 1966 онд 20 мянга,

-Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романыг 1983 онд 37 мянга,

-Д.Намдагийн гурван ботийг 1987 онд тус бүр хорин дөрвөн мянга,

-Ч.Сонгины “Монгол эмэгтэйн уран үйл” номыг дөчин мянган хувиар тус тус хэвлэн гаргажээ. Одоо тэгтэл Я.Цэвэл гуайн хүү Ц.Шагдарсүрэн доктор ямар лут, яасан цул толь бүтээв, хэдэн хүнд тэр толь нь хүрээ бол? Барааг нь олж харсан хүн бараг байхгүй биз. Айл болгонд баймаар, үр хүүхдүүд минь уншиж, эх монгол хэлнийхээ аль сайхныг амталж шимж өсмөөр алт шиг ном алийг тэр гэх вэ! Яаж тийм номыг хүнд хүргэлгүй, хэл соёлоо дархлан хөгжүүлэх вэ? Үүх түүхээ мэдлэг, бахархал болтол түгээх вэ? Эрдэмтэн мэргэдийн хүч зүтгэл гарган байж бүтээгээд, чадлынхаа хэрээр хэдхэн ширхэг хэвлэсэн шилдэг бүтээлүүдийг хэрхэн яаж хүрэлцэхүйц хувиар хэвлэн гаргаж, хүн арддаа хямд төсөр үнээр хүртээх вэ? Хувь хүмүүс өөрсдөө барахгүй нь лавтай. Хийгээд бүтээгээд өгсөн нь их юм, асар том гавъяа.

-Уг нь тийм л баймаар. Урд өмнө сайн номыг олон мянган хувиар тэгж хэвлэж байхад хэн хүнд хүрэлгүй яах вэ! Бидний үеийнхэн их ч уншдаг байж, номын дэлгүүрт ямар л ном шинээр ирнэ хурдхан шиг л олж авахгүй бол дорхноо л дуусчихдаг байсан.

-Тэгэхэд одоо биднийх яаж байна вэ? Мөнгөндөө тааруулаад арайхийж гурван зуу, сайндаа л таван зуун хувиар хэвлүүлнэ. Мянган хувиар хэвлүүлбэл ч бүр гараад өгөх нь тэр. Хөөрхий бидний ном тэгэхээр хүнд яаж хүрэх вэ! Хэн олж унших вэ? Дуртай юм даа аргагүй, ёстой л зүрхний дуудлагаар сэтгэлээ хуурч ном бичнэ гэж нухаж суух юм.

Хоёр ахмад эрдэмтэн зохиолч ийнхүү хоорондоо халаглан яриад, чимээ тасрах нь цаанаасаа енгэнэтэл санаа алдах мэт надад санагдсан билээ.

Нээрээн хэдхэн зуун хувиар хэвлэгдсэн ном хэрхэн яаж хүн хүний гар дээр хүртэж очих вэ, яаж цааш цаашаагаа түгэн дэлгэрэх вэ! Ингэж хэлэхээр зарим хүн одоо чинь цаасаар биш, цахимаар уншдаг болсон л гэх байх. Цаасан дээр хэвлэсэн ном, цахим дээр буулгасан ном хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий. Тэгээд ч хэвлэмэл ном хэрэглээнээс гарах нь бүү хэл, хэрэгцээ нь улам өснө гэсэн яриа таамаг дэлхий дахинд байдаг юм.

Номын хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ? Өөрсдийгөө яая гэсэн бид л лав барахгүй нь гэсэн хоёр эрдэмтэн зохиолчийн яриан дээр юу нэмэхээ би бас мэдсэнгүй.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.