Энтони Хопкинс: Хөгшчүүлд итгэ

Twitter Print
2021 оны 07-р сар 26-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Энэ дэлхийн хүмүүс ээ! Та хаана ч амьдардаг байлаа гэсэн танд хэцүү байгааг би мэдэж байна. Урт удаан амьдарсан хөгшин настан хэдий ч, би амьдралыг өөдрөгөөр хардаг хүн. Өнөөдөр би шоовдорлогдож, зовлон бэрхшээл туулж, итгэл найдвараа алдаж яваа залуу хүмүүст хандаж байна. Та хэн ч байлаа гэсэн надад итгэхийг хичээгээрэй.

Би нэгэнтээ уншиж байсан юм. Хаанаас гэдгийг нь сайн санахгүй нь. Хуучин гэрээ, эсвэл Карлос Кастанеда (америкийн зохиолч) ч билүү. Нэг бөөгийн тухай бичсэн байдаг. Ган болж цөлжсөн нэгэн нутагт хүмүүс үхэж, мал сүрэг үрэгдэж байхад мөнөөх бөө “Суваг ух, шуудуу тат! Бороо орно!” гэж хэлдэг. Бороо орохгүй байгаа шүү дээ гэж гайхсан хүмүүсийг хэлэхэд бөө “Суваг ухвал бороо орно!” гэдэг. Үл итгэгчид бол түүний үг ямар ч утгагүй байж магад. Тэгвэл юу хүссэндээ л итгэ. Энэ бол ухамсарт бодол юм.

Гэхдээ ухамсарт бодол тэр бүр зөв байдаггүйг би мэднэ. Ухамсаргүй бодол, мэдрэмж, совинтой байх хэрэгтэй. Бяцхан жаалхүү байхдаа би үргэлж өнөөдрийнхөө амжилтыг мөрөөдөж явсан. Энэ магадгүй зөн совин ч байсан юмуу. Би мэдэхгүй. Би тэгтлээ их найдаж хүлээгээгүй. Гэхдээ миний мөрөөдлүүд биелсэн.

Одоо бол бид цаг хугацааг товчилж чадна, өөртөө татаж чадна гэдэгт би итгэж байна. Ирээдүйн тухайн мөрөөдлүүд байдаг даа, “Ирэх жил би ийм ажил хийнэ!” гээд... гэхдээ энэ чинь оршин байхгүй шүү. Маргааш гэдэг одоо оршин байхгүйтэй л адил. Цагийн дараа гэдэг ч одоо оршин байхгүйтэй адил.

Эд бол ердөө л байж болох хувилбар л юм. Гэхдээ бид цаг хугацааг татаж одоод авчирч чадна. Яг одоо гэрэлтэх нарны цацраганд, сэтгэл зүрхэндээ авчирч чадна. Суваг ух, шуудуу тат! Та юу ч хийсэн бай, тэрэндээ итгээрэй. Хэрэв та итгэхгүй бол зүгээр итгэж буй мэт дүр үзүүлж, итгэл гэдэг тоглоомоор тогло. Итгэж байгаа хүн шиг үйлд. Энэ чинь л хүч чадал юм. Хүч чадлын туйл юм.

Тиймээс юм бүхэн болж бүтнэ. Надад итгэ. Хөгшин надад итгэ! Би чадсан бол та нар ч гэсэн чадна! Хэзээ ч битгий бууж өг! Итгэ, итгэ, дахин итгэ! Та сүсэгтэн байна уу, шашингүй нь байна уу надад огт хамаагүй. Зүгээр л итгэ, итгэ, дахин итгэ!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.