Эрийн хийморь сэргээсэн ШИЛИЙН БОГД дуулж бай...

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Эрийн хийморь сэргээсэн ШИЛИЙН БОГД дуулж бай

Эр зоригоо гайхуулсан ХАЛХЫН САЙХАН ЭРЧҮҮД сонсож бай... хэмээн нэрт зохиолч Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” романдаа яруу тансаг хэлсэн байдаг. Зүүн өмнөд хилийн мөнхийн харуул, өнө эртний галт уул, урт удаан цагийн домог түүх, монгол сайн эрсийн тангараг өчих талбар, орчин цагийн эрсийн хийморь сүлдийг хөглөгч ШИЛИЙН БОГД. Байгаль эхийн урлан, ивээлт алтан нарны тусгал, ухаант эр хүний сэтгэлийн хүчний нэгдэл бол ШИЛИЙН БОГД хайрхан юм.

18 настай, онгон биетэй, гоо үзэсгэлэн төгс бүсгүй САХИУС-тай Шилийн богд нь ЭМ уул учраас эрүүл саруул ухаант, ганган сайхан эрчүүд ирэхэд мишээж баясдаг гэх домогтой. Хайрханы оройд гарсан хүн мандаж буй нарыг бахдан харах учиртай. Тэгэж харах зуурт босоо цагаан зурвас гэрлийг олж харах аваас өлзий төгс болно хэмээнэ. Шар будаа, хуурай цай, халтар арвай хэмээх хуурай гурван зүйлийг өргөж чин сэтгэлээсээ сүсэглэн биширдэг заншилтай.

Хайрханы хойд хөндийд “Шилийн богд”, “Талын агуй” хэмээх хоёр баазыг Б.Батхүрэл, М.Амгалан захирлууд байгуулаад багагүй он цагийг туулсан байдаг. Саяхан хээрийн судалгааны аяллын үеэрээ нутгийн ах нартай хэдэн үг солиод гарсан юм. Хамгийн сайхан аялагчид нь хүүхдээ дагуулсан гэр бүлүүд байдаг гэнэ. Харин сархаданд хөлчүүрхсэн саваагүй залуучууд нутгийн ах нарт ихэд төвөг уддаг байна.

- Шилийн богд хайрханы орой дээр гарахаасаа өмнө сархад хэтрүүлэн зооглоод согтуу нь гараагүй тэр чигээрээ гуйвж салганан хайрхан руу явдаг гэнэ.

- Оройд нь гараад тэнхээ мэдэн орилж хашгираад, хийморь сэргэчихлээ хэмээн нэмж архи тойруулан хүртээд улам согтуу бууж ирдэг гэнэ.

- Зундаа хайрханы эргэн тойронд майхан барьж бууж орилж хашгирч хөлчүүрхэж байгаад хамаг хогоо хаяад буцдаг гэнэ.

- Өвөл нь хөлдөж үхэхгүйн тулд нутгийн хоёр баазад согтуу морилоод хамаг эд хогшлыг нь эвдэлж нураадаг гэнэ.

- Хөнжил гудсан дээгүүр нь гутал хувцастайгаа туучдаг гэнэ. Ам муруйсан нэг нь гутлын улаараа заналтай нь аргагүй цагаан хэрэглэлийг нь арчдаг гэнэ.

- Энд тэндгүй бөөлжиж, гэрийнх нь бүрээс рүү сарьдаг гэнэ.

- Цол гуншинтай бөхчүүд, уяачдын нэр барьж ирээд сагсуурдаг гэнэ. Зарим уяач, бөхчүүд нь өөрсдөө дагуулж ирээд элдвээр таахалздаг хэрнээ мөнгөө төлдөггүй гэнэ.

Ингэж ХИЙМОРЬ СҮЛДЭЭ СЭРГЭЭДЭГГҮЙ юм аа, эрчүүд минь. Сэргэсэн гэж эндүүрсэн хийморь чинь нутгийн иргэдийн уур бухимдал, байгаль эхийн гомдол цөхрөлөөр солигдоод хамт харина гэдгийг бүү март.

Өнгөтэй, мөнгөтэй хэмээн онгирч УУЦ ТАВЬЖ баярхдаггүй юм аа. Тавьсан ууц чинь өмхийрч самхайрч ШИЛИЙН БОГД хайрханы үзэсгэлэн төгс бүсгүй сахиусыг хилэгнүүлдэг гэдгийг анхаарна уу. Өргөх өргөл сүр бараатай, том хэмжээтэй байснаараа “илүү тустай” гэх агуулга байхгүй ээ. Дахин хэлье ээ, ууц тавьж өмхий самхай тарьж, ул боов тавьж мод чулуу шиг хатааж ХИЙМОРЬ СЭРГЭЭДЭГГҮЙ юм аа.

Жил бүрийн шинийн 1-15-нд сүлд хиймороо сэргээх гэсэн эрчүүд сүрэг сүргээрээ том том жийп машинаар давхилдан ирдэг гэнэ. Энэ өдрүүдийн мандах нарнаар Шилийн богдын орой дээр гарваас “эрмэг зоригтой эр хүн болно” гээд хэн гээч нь айлдчихсан юм бэ, бүү мэд. 2019 оны Цагаан сарын шинийн өдрүүдээр Баруун-Урт сумын шалган нэвтрүүлэх цэгээр 6000 машин, 30 мянган хүн орсон бүртгэл байдаг ажээ.

Шилийн богд хайрханы сэтэрхий өрхний хана өөд эгцээрээ машинаар дайрч гарахыг оролддог гэнэ. Амуу тариа будаа өргөдөг байтал гашилж ээдэх сүү, эсвэл мансууруулан согтоох гашуун нясуун сархад өргөдөг буруу “заншил” тогтжээ. Байр байрандаа амгалан оршиж байсан чулуунуудыг ховхолж замаар дүүрэн хэрэгтэй хэрэггүй “жижиг овоо” босгожээ.

ШИЛИЙН БОГД хайрхандаа ингэж хандаж болохгүй ээ, аялагчид минь. “Оргил болгон орой дээрээ мэлмийтэй, дов болгон дотроо чихтэй байдаг юм” хэмээн Сүхбаатар нутгийн унаган хөвүүн, эрдэмтэн зохиолч Г.Мэнд-Ооёо гуай үнэнийг өгүүлсэн байдаг. Тийм учраас таны хийж буй үйлдлийг тольдож, хэлж буй үгсийг тань сонордож буй гэдгийг санаж байхад илүүдэхгүй ээ.

ШИЛИЙН БОГД хайрханыг зорьж байгаа бол,

- Архи дарс хэрэглэлгүй эрүүл саруул ухаантайгаар оргилд гараарай.

- Болж өгвөл дээл хувцсаар гоёж, товч шилбээ бүрэн товчлоорой.

- Залбирч хүсэх зүйл, өршөөл эрж өчих үгсээ цэгцэлж байж гараарай.

- Оройд нь гараад сархад бүү хүрт, тамхи бүү тат, сүү бүү өргө. Сахиус нь таалдаггүй гэнэ.

- Халтар арвай, шар будаа, хуурай цай өргө.

- Хадаг нэрт нийлэг эд, хийморийн дарцаг нэрт даавуу авчирч битгий тавь, тэглээ гээд таны хийморь сэргэхгүй, тоос шороонд дарагдаж, салхиар туугдан хүний хөлд гишгэгдэнэ.

- Гялгар уут сав, элдэв цаасан хог, ундаа усны сав бүү үлдээ.

- Цэцэг навч, мод бут, ургамлыг нь битгий хөндөөрэй.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.