
Энэтхэгийн Карнатака мужид эмэгтэйчүүд автобусаар үнэгүй зорчиж эхэлжээ
Энэтхэгийн Карнатака мужид энэ сарын 11-нээс нийтийн автобус эмэгтэйчүүдэд үнэгүй үйлчилж эхэлжээ.
Энэтхэгт эмэгтэйчүүдийн дийлэнх нь нийтийн тээвэрт суухын тулд гэрийнхнээсээ зөвшөөрөл хүсэж, автобусны мөнгө гуйхад хүрдэг бол Карнатака мужид эмэгтэйчүүд автобусанд хэзээ ч хамаагүй, хэдэн ч удаа суух боломжтой юм. Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш 9 хоногийн хугацаанд 40 сая гаруй эмэгтэй автобусаар үйлчлүүлжээ.
Энэхүү журам нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилготой аж. Тус улсад ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн тоо бусад улс орнуудтай харьцуулахад цөөн юм. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Шри Ланкад нийт ажиллах хүчний 34.5 хувь, Бангладешд 32 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол энэ тоо Энэтхэгт дөнгөж 23 хувьтай байгаа аж.
Нийтийн тээвэр үнэгүй болсноор ажилд орох эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, автобусанд зарцуулдаг байсан мөнгөө хадгалах, өөр бусад хэрэгцээндээ зарцуулах боломжтой болох аж.
Энэтхэгийн эцгийн эрхт ёс бүхий ёс заншилд эмэтэйчүүдийг хянах нэг арга нь эмэгтэйчүүдэд мөнгө өгөхгүй явдал юм. Өөрийн гэсэн орлогогүй бүх насны эмэгтэйчүүд хаашаа ч явсан эцэг эхээсээ, нөхрөөсөө эсвэл хүүгээсээ мөнгө гуйхад хүрдэг байна.
Бенгалуру дахь Автобусаар Үйлчлүүлэгчдийн форум нэртэй сайн дурын байгууллагад ажилладаг Шахин Шаза, "Эмэгтэйчүүд гэрээсээ холдоо 3-4 км холдож чаддаг. Автобусны 10 рупигийн тасалбар авч чадвал арай жоохон холдоно. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралынхаа туршид тухайн тойргоосоо гарч чаддаггүй. Автобусаар үнэгүй зорчдог болсноор эмэгтэйчүүд өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлсээ хийнэ. Ажилдаа явж, дэлгүүр хэсэж, амьдарч буй хоттойгоо танилцана." хэмээн ярьсан байна.
Дээрх журам бүрэн төгс хэрэгжихэд мужийн удирдлагууд автобусныхаа тоог нэмэх шаардлагатай юм. 2014 оноос хойш 6500 автобустай Бенгалуру хотод нийтйин тээвэр шинэчлэгдээгүй аж. 12 сая хүн амтай тус хот багадаа 14 мянган автобустай байх ёстой аж.
Гэсэн ч үүний талаар гомдоллохын оронд Карнатака мужийн эмэгтэйчүүд эрх чөлөөг мэдэрч байгаадаа баяртай байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.