Аспергерийн синдром

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

8 жилийн өмнө бичсэн постоо яг 4 жилийн өмнө дахин оруулжээ. Харин 8 жилийн дараа бас дахин та бүхэндээ толилуулж байна. Яагаад гэвэл...

Өнгөрсөн жил билүү дээ, болсон явдал. Инээд хүрмээр ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг жишээ л дээ. Азийн цагаан дагина гэж ирээд л магтаж гайхуулдаг Улаанбаатар хотын маань хаана ч харагдаж байдаг дүр зураг. Би гудамжаар алхаж байна аа. Гэтэл замын хажууд 2 залуу заамдалцчихсан, юу юугүй л зодолдох нь ээ. Хүмүүс хараад л зогсож байна. Би тэр 2 дээр очлоо, “дүү нар яасан бэ” гэлээ.

Гэтэл нэгнийх нь машиныг нөгөөх нь машинаараа хааж тавьчихаад явчихсан юм байна. Тэгээд л машинаа гаргаж чадахгүй болсон залуу цаасан дээр “машинаа зөв байрлуул, мал аа” гэж бичээд нөгөө залуугийнхаа машины цонхон дээр нааж л дээ. Мал гэж хэлүүлсэн залуу "мал биш" гэдгээ ойлгуулах гээд л, бөөн маргаан дэгдсэн юм байх аа. Мал гэж хэлүүлсэн залуу “хэрвээ намайг мал гэж бичээгүй бол би түүнээс уучлал гуйх байлаа” гэж хэлж байгаа нь гадна талаас нь харахад бадриун дориун залуус хэрнээ гаргаж байгаа ааш зангаас нь харвал “хэрвээ энэ муу миний аавыг бүдүүн гээгүй бол би түүнтэй чихрээ хувааж идэх байсан” гэж хэлэх цэцэрлэгийн хүүхдээс ялгаа үгүй.

Хэдэн жилийн өмнө нэгэн настай япон хүн их л санаа зовнисон маягтай “Аспергерийн синдром гэдэг өвчин байдаг, саяхан хүртэл Японд 2 мянган хүнд 2-3 хүн л ийм өвчтэй байдаг байсан бол одоо ийм өвчнөөр өвчлөгсөд хурдтайгаар ихэсч байна” гэж ярьж байж билээ. Тэр өвчнийх нь талаар асуусан чинь “нийгэм нийтийн дунд сэтгэлээ дарж, барьж чаддаггүй, юу санаснаа л хэлж хийж байдаг хүн, эсвэл хэт дотогшоо, юу ч хэлж хийж чаддаггүй хүнийг ийм өвчтэй гэж хэлдэг” гэж байв. Сэтгэл санааны маягийн ийм өвчин байдгийг Аспергер гэдэг хүн судалж нээснийг тэр хүний нэрээр нэрлэсэн юм байна. Мэргэжлийн эмч хүн бол энэ өвчний талаар илүү зөв, дэлгэрэнгүй тайлбарыг өгөх байх.

Манайд асуудлынхаа голыг олохгүй нулимс мэлтэлзүүлэн “ард түмнээ өмөөрөн” хашгирдаг улс төрч ч байна (түүний ингэж авирлахыг хүлээж байгаа хүмүүс цаана нь байгаа), өчүүхэн төдий тэвчихэд л бүх юм зүгээр өнгөрчих юман дээр юунд уурлаж байгаагаа өөрөө ч мэдэхээ байчихсан “галзуурч” байгаа залуус хүүхнүүд ч байна (тэднийг ингэж авирлахыг харж байгаа хүүхдүүд цаана нь байгаа). Энэ их түгжрээнд би хүртэл малаараа дуудуулаад л явж байна. Уг нь их л хичээх юм. Нөгөө хүний буруу байсан ч та жаахан л тэвччихвэл бүх юм зүгээр өнгөрчих гээд байна л даа...

Харин Японд бол өөрийгөө илэрхийлж чадахгүй улам л дотогшоо болсоор байгаад “мэдрэлийн ядаргааны туйлд” хүрч байгаа хүмүүс тун ихэсч байгаа гэсэн мэдээ бас байна аа... За нэг иймэрхүү гунигтайхан юм бичлээ дээ, энэ удаа.

Д.Төмөрбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.