Метроны үерийн гамшгийн үеийн аюулгүй байдлыг сайжруулахыг даалгажээ

Twitter Print
2021 оны 07-р сар 22-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Хятадын засгийн газар Хятадын төв хэсгийн бүс нутгууд үерийн гамшигт өртөж, усанд автсан метронд 10 гаруй хүн амиа алдсан явдалтай холбоотойгоор орон нутгийн удирдлагуудад метроны сүлжээн дэх үерийн гамшгийн үеийн аюулгүй байдал, гамшгийн үеэр авах хариу арга хэмжээг сайжруулахыг даалгажээ.

Хятадын төв хэсгээр 6 дахь өдрөө үргэлжлэн орж буй аадар борооны улмаас үерт автсан Хэнан мужид 25 хүн амиа алдсаны 12 нь үерийн усанд автсан метронд гацаж амь үрэгджээ.

Хятадын Тээврийн яамнаас мэдээлснээр орон нутгийн удирдлагуудад метро болон галт тэрэгний аюулгүй байдлыг шалгаж, гэмтэл эвдрэл зэргийг шуурхай засахыг даалгасан аж. Орон нутгийн эрх баригчид гамшгийн үед галт тэрэг, метроны үйл ажиллагааг зогсоох, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх, метро, галт тэрэгний буудлуудыг хаах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр Бээжин хотоос 650 км зайд байрлах, 12 сая хүн амтай Хэнан мужийн нийслэл Жэньжоу хотод аврагчид үерийн усанд автсан метроноос хэдэн зуун хүнийг аварсан билээ.

Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс метронууд дотор зорчигчид цээж, мөрөөр татсан усанд зогсож буй дүр зургуудыг харж болох юм.

Өнгөрсөн бямба гарагаас мягмар гараг хүриэл Жэньжоу хотод 617.1 мм хур тунадас орсон нь тус хотын жилийн дундаж болох 640.8 мм-ээс давжээ. Орон нутгийн иргэд цаг уурын албанаас анхааруулга оройтож өгсөн хэмээн шүүмжилж байгаа бол цаг уурын албанаас хүчтэй аадар бороо орох талаар 2 өдрийн өмнө сануулж, анхааруулсан гэжээ.

Өнгөрсөн даваа гарагийн оройноос орон нутгийн цаг уурын алба иргэдийн гар утсанд анхааруулга бүхий 120 сая мессеж илгээжээ.

Лхагва гарагийн орой Хятадын нийслэл Бээжингээс 140 км зайд байрлах Хэбэй мужийн Баодин хотод хар шуурганы улмаас 2 иргэн амиа алдсан байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.