Аврал эрэн хэвтэх Ламын гэгээний хийдийн нэгэн хаалга

Twitter Print
2022 оны 01-р сар 30-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

2019 оны 5 дугаар сарын 16 нд Финлиандын археологич, номын нөхөр Оула Сэйцонений Oula Seitsonen хамт тэртээ 1909 онд Финлиандын алдарт Монголч эрдэмтэн Густов Рамстед болон археологич Сакари Палси хоёр, Монгол хөтөч Даржаа, Балжир нарын хамт Хангай нутгаар хөндлөн гулд аялсан замыг мөшгиж, тэдгээр эрдэмтдийн 110 жилийн өмнө дайран өнгөрсөн түүхт газрууд, үзэж тэмдэглэсэн түүх соёлын дурсгалууд өнөөдөр чухам ямар байдалтай байгааг харж тодруулахаар Улаанбаатар хотоос мордсон билээ.

Палси, Рамстед нар 1909 оны 6 дугаар сарын 26 нд Өргөөгөөс гарч өнөөгийн Төв, Булган, Архангай аймгийн нутгаар дамжин Хөл саяын даваагаар давж өнөөгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байсан Ламын гэгээний хийд хүрч, тэндээс буцаж Сайн ноёны хүрээгээр дайран Өргөө ирэх хүртэл нийт 3 сар гаруй явжээ. Энэ дашрамд дурдахад Монголчууд тэр болгон мэдэхгүй Сакари Палси хэмээх Финлианд археологич энэ аялалаараа маш олон төрлийн археологийн дурсгалуудыг баримтжуулан зурж, бүртгэн тэмдэглэж үлдээсэн төдийгүй угсаатны зүйн маш сайн судалгаа давхар хийсэн байдаг. Түүний тайлан нь Хэлсинкт 1982 онд хэвлэгдэн гарчээ.

110 жилийн дараа бидний хийсэн энэ аялал цаг уурын тааламжгүй нөхцөл, цаг хугацааны хүрэлцээ бага байсныг эс тооцвол зорьсон зорилгоо биелүүлсэн юм. Энэ аяллын талаар бид хамтдаа бэсрэг бүтээл гаргахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор өдий хүрчээ.

Энэ удаа 110 жилийн тэртээх Ламын гэгээний хийд болон өнөө үлдэж хоцорсон хийдийн туурийн тухай өгүүлье. Палси, Рамстед нар 1909 оны 9 дүгээр сарын 2-ны 14 цаг 10 минутад тухайн үеийн Ламын гэгээний хийдэд иржээ. Тэднийг ирэхэд +9 хэмийн дулаан байж. Төв хэсэгтээ хэд хэдэн төвд хйицийн том цагаан сүмүүдтэй түүнийг тойрон хүрээлсэн гэр хороололтой, хойд талдаа уулын энгэрт хоёр тусдаа хашаанд хэдэн том цагаан байшинтай том хэмжээний суурин газар байсан нь 110 жилийн өмнө археологич Палсигийн авсан гэрэл зурагт хадгалагдан үлджээ.

Уг хийдийг анх 1680-аад оны үед Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцан байгуулсан аж. Баянзүрхийн хонхор хэмээх энэ газарт Ламын гэгээний хийд жил 250 гаруй жилийн турш хөгжин цэцэглэж, Ламын гэгээний 7 дүр ээлжлэн тодорсон түүхтэй. XX зууны эхээр 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв болон байсан энэ хийд 1937 оны их сүйтгэлийн үетэй нүүр тулж, бараг бүрэн устаж үгүй болжээ.

Бид 2019 оны 5 дугаар сарын 19 ны орой 20 цаг 09 минутад Ламын гэгээний хийдэд хүрэв. Уг хийдийн туурин дээр буюу гол хийдээс хойш тусдаа хашаанд байсан хэсэг байшингийн суурин дээр өдгөө нэг жижиг дуган, 9 ширхэг суварга, чулуугаар хйисэн соёмбот хөшөө зэргийг саяхан шинээр барьж байгуулжээ. Гол хийд байсан хэсэгт сүм дуган, гэр, байшин сууцны буйр, барилгын суурь болон бусад хэсгийн чулуун хийцүүд л үлдэж. Энэ буйран дээр өдгөө цорын ганц босоо үлдсэн түүхэн зүйл нь том дааман хаалганы хүрээ яс мод бөгөөд хажууд нь хоёр тийшээ дэлгэж нээгддэг дааман хаалга газарт хэвтэнэ. Уг дааман хаалганы банзуудыг товгор дугуй тавтай том төмөр хадаасуудаар 3 эгнүүлэн хадаж тогтоосон бөгөөд банзны хугарсан хэсгүүдэд хавтгай төмөр барин хадаж тогтоожээ.

Хамгийн сонирхолтой нь уг хаалганы хос төмөр цагариг бариулын дээхэн талд хөндлөн төмөр цүүг даруулан түгжсэн орос цоож тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Энэ хаалга бол тухайн үеийн суурин газар түгээмэл хэрэглэгдэж байсан хашааны дааман хаалганы хэв загвар төдийгүй алдарт Ламын гэгээний хийдээс үлдэж хоцорсон бараг цорын ганц модон байгууламж аж. Хаалганы хажууханд нэг жижиг дөрвөлжин сууц, нэг том гэрийн буйрын суурь чулуу хадгалагдан үлджээ. Хаалга байгаа газрын байрлалыг Палсигийн 1909 онд авсан зургаас багцаалдаж харахад хийдийн баруун урд хэсгийн бүлэг гэр хорооллын урдаасаа 5 юмуу 6 дахь гудамны зүүн талаасаа 2 дахь хашааны хаалга бололтой.

Монголын Бурханы шашны нэгэн томоохон төв байсан түүхт хийдийн туурин дээр он цагийн шуурга сөрөн тогтож ядан үлдсэн энэхүү хаалганы яс мод, хажууд нь хэвтээ дааман хаалгыг яаралтай сэргээн засаж, хамгаалалтад авах шаардлагатай байна.

Улмаар Баянхонгор аймгийн түүх, соёлын аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн болгож, нэгэн цагт хөгжин цэцэглэж байсан шашин соёлын төв, эргэл мөргөлийн газар, өөр нэгэн нийгмийн хатуу шуурганд мөхөн сүйрч, үгүйрэн устсан гашуун сургамж, их хэлэмэгдүүлэлтийн түүхийг очсон хүн бүхний ой тоонд дахин дахин сануулан сэрэмжлүүлнэ хэмээн гүнээ итгэнэм.

Цаашид их хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон Монголын Бурханы шашны сүм хийдийн гол төвүүдийг нарийвчлан судлах, хамгаалалтад авах, буцаан сэргээн босгох талаар Монгол улсын Соёлын яам, соёл, шашны байгууллагууд, шашин, соёлын зүтгэлтнүүд анхаарах цаг нэгэнт болжээ.

Тэмдэглэл сийрүүлсэн:

Түүхийн ухааны доктор Ж.Баярсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.