Хэт халуунаас сэргийлж Сөүлд хүйтэн сандал байршуулж, үнэгүй ус, нарны халхавч тавьж өгчээ

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Сөүл хот өдөрт 35 градус хүртэл халж байна. Тиймээс ард иргэдээ халуунаас зайлсхийх, сэрүүцүүлэх байгууламжуудыг нэмсээр байгаа билээ.

Нувон (노원구) дүүрэг нь захиргааныхаа ойролцоо нэгэн олон улсын буудлыг ахмадад зориулсан сэрүүцэн амрах байр болгон ашиглахаар болжээ.

Энэ нь тус дүүрэгт оршин суугаа 65-аас дээш насны ахмадууд утсаар захиалга өгсөнөөр үнэгүй амарч хонож болох бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 9 давхар энэхүү буудлын 3 давхарыг буюу 50 өрөөг ийнхүү шөнийн сэрүүцэх газар болгон ашиглахаар болсон байна.

Өнөөдрийг хүртэл нийт 220 орчин ахмадууд энэхүү буудлаар үйлчлүүлжээ.

Мөн Сөүл хотын дүүргийн захиргаанууд иргэдээ халуунаас зайлсхийх, сэрүүцүүлэх тал дээр өөр өөрсдийн арга барилаар шинэ, шинэ санаануудыг гаргаж ирсээр байна.

Нувон (노원구) дүүрэг нь ахмадуудыг хонох буудлаар хангахаас гадна цэцэрлэгт хүрээлэнд алхах, салхилах бүсүүдэд нийт 15 ширхэг хүйтэн устай хөргөгчийг байршуулжээ.

Энэ нь халуунд гадаа алхаж, дасгал хийж байгаад халууцсан иргэд хүйтэн ус үнэгүй авч уун сэрүүцэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд өдөрт 300 мл-ын 700 ширхэг ус иргэд хэрэглэж байгаа гэнэ.

Мөн Сочу (서초구)дүүрэг нь автобусны 60 буудал дээр “Хүйтэн сандал” байршуулжээ. Энэхүү сандал нь тухайн орчны температураас 5-6 градус бага байх боломжтой гэнэ.

Мөн Ёндонпу (영등포구) дүүрэг нь хоёулаа амьдардаг ахмадууд болон амьдралын боломж доогуур 900 гэр бүлд гар сэнс  бэлэглэсэн байна.

Жүн (중구) дүүрэг нь Корона вирусны шинжлэгээнд хамрагдахаар хүлээж буй иргэддээ зориулж дүүргийн 3 шинжилгээний төвд нарнаас хамгаалах цэнхэр халхавч 350 ширхэгийг байрлуулж өгчээ.

Энэ мэтчилэн Сөүл хотын дүүргүүд иргэдээ халуунаас хамгаалах, сэргийлүүлэх арга хэмжээ авсаар байна.

Жич: БНСУ­-д сүүлийн өдрүүдэд шөнөдөө ч ялгаагүй 25-аас дээш температуртай бүгчим өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд энэхүү халууныг иргэд жимтунтовы (찜통더위) буюу жигнүүрт жигнэгдэж байгаа мэт халуунтай зүйрлэн ярьж байна.

Солонгос улсад цаг уурын ажиглалтаар түүхэндээ хамгийн их халуун болсон жил бол 2018 байдаг. Тухайн жилийн 8.1 ны өдөр Сөүл хотод хамгийн халуун буюу 39.6 градус хүртэл халсан бөгөөд аагим халууны улирал энэ үед түүхэндээ анх удаа 35өдөр үргэлжилсэн ба түүнээс 22 хоног нь тасралтгүй өндөр температур бүхий халуун өдрүүд бүртгэгдэж байжээ.

Үүнийг дагаад хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ ихээхэн хохирсон бөгөөд халуунаас болсон ухаан алдах, халууны гаралтай өвчлөлүүдээр өвдөн түргэн тусламжийн үйлчилгээ авсан хүний тоо Солонгос даяар 4526-д хүрч 42 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар 33-36 хэм байгаа ч дараа долоо хоногт 36-40 гаруй хэм хүртэл халах төлөвтэй байгаа бөгөөд 2018 оны “халууны бөмбөлөг-heat dome-열돔” үзэгдэл давтагдана гэж харж байна.

Тиймээс эд халууны үеэр Солонгост байгаа Монголчууд маань цаг агаарын  мэдээллийг цаг тухайд авч, онц шаардлагаагүй гэж үзсэн тохиолдолд тэр тусмаа өндөр настай иргэд болон бага насны хүүхдүүд 12-16 цагийн хооронд аль болох гэрээсээ гарахгүй байх, чихэрлэг-кофены агууламжтай уух зүйлээс татгалзан цэвэр ус сайн ууж байхыг зөвлөж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 조선일보

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.