Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл болсон өдөр

Twitter Print
2020 оны 02-р сар 07-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Их хүрээг (одоогийн Улаанбаатар хот) Монгол Улсын нийслэлээр тунхаглаж, Нийслэл хүрээ хэмээн нэрлэсэн түүхэн өдөр тохиож байна.

Одоогоос 108 жилийн өмнө буюу 1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр (тухайн үеийн тооллоор Олноо өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын 20-ны өдөр) Дотоод яамнаас Богд хаанд Их хүрээг Нийслэл хүрээ болгон өргөмжлөх айлтгалыг айлтгасанд тус өдөр зарлигийг ёсоор болгожээ.

Ochbayar Gerel-н зураг.

380 жилийн түүхтэй улсын маань нийслэл Улаанбаатар хот нь олон мянган хүний аж амьдралын гараа, сайн сайхан бүхний эхлэл нь болсон өлгий газар билээ. Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдсэнээр тэртээ XII зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв. Энэ газрыг одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндий гэж судлаачид үзсэн аж. Үүнээс хойш олон зуун жил өнгөрч Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг өргөө цогцолсон юм.

Нийслэл хот одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их Хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдэж байлаа. 1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.

Монголчуудын нийслэл Орхон, Туулын бэлчирээр олонтоо буурь сэлгэн нүүдэллэсээр Хүн чулууны хонхорт анх тулгаа тулан ханаа шийрлэх тэр үед Сэрүүн Сэлбийн эрэгт дөрөө зурам өвс халиурсан нуга талын дунд эртний хүн чулуу торойж байсан гэдэг. Тэрхүү хүн чулуу 1950-иад оныг хүртэл уг сууриндаа байсан ажээ. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт өрнөсөн тухайн үед хэт хувьсгалчид эртний хүн чулууг булга татан авч барилгын сууринд ашигласан гэдэг яриа бий. Ямар ч байсан хэдэн мянган жил Алтан тэвшийн хөндийн ганц эзэн болж “суусан” байж мэдэх хүн чулуу төрөл арилжсан нь тун саяхны хэрэг явдал.

Хүн чулуу байсан суурь нь эдүгээгийн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны зүүн хойхно, авто замын дор орсон гэдгийг түүхчид тогтоосон байдаг. Тиймээс үүгээр баримжаа болгон уг сууринаас бага зэрэг хойхно буюу одоогийн МАН-ын байрны өмнөх цэцэрлэгт Монгол Улсын нийслэлийн шавь тавьсан газрыг онолдуулан тогтоож дурсгалын багана босгосон түүхтэй. Ингэхдээ дундад эртний Монголын нийслэл Хархорум хотын туурийг сахин үлдсэн яст мэлхийг бэлгэдэн уг дурсгалын баганаа яст мэлхийний нуруун дээр суурилуулсан ажээ.

Монголчууд нийслэлээ товлож шавыг нь тавьсан газар бол Хүн чулууны хонхор гэдгийг энэхүү гэрэлт хөшөө хойч үеийнхэнд өгүүлсээр байх нь лавтай. Зохиолч, сэтгэгч Д.Урианхай тэргүүтэн бичгийн мэргэд шүлэг, зохиолынхоо ард уг бүтээл бичсэн газар орныг тодорхойлон Сэрүүн Сэлбийн хөвөө, Хүн чулууны хонхор гэх мэтээр бичсэн байдаг. Энэ нь нэг талаар Монгол Улсынхаа нийслэлийн шав тавьсан газрыг ном бүтээлд мөнхлөн үлдээж, хойч үедээ сануулан захиаслаж байгаа нэгэн хэлбэр буй заа.  

Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд Их Хүрээ шаваа тавьж буусан тэр жил буюу 1778 онд Хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар Богдхан уулыг дархан цаазат болгох тухай Манжийн хааны зарлиг гарч байжээ. Сайд Юндэндорж Богдхан уулыг дархлуулахаар өргөсөн бичигтээ “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цаазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” хэмээн хүссэн байдаг. Энэ дагуу Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар оны есдүгээр сарын 24-ний өдөр хааны зарлигаар дахин дархалсан байна. Ийнхүү Богдхан уулыг дахин дархалсан үйл явдал Улаанбаатар хотын түүхтэй салшгүй холбогдох аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.