Байгалийн аймшигт үзэгдэл Монголд

Twitter Print
2014 оны 07-р сар 29-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд ихсэх болсон. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө цаг агаар таагүй болж, нийслэлд төдийгүй зарим аймагт байгалийн аюулт үзэгдэл болсон. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-нд байгалийн гамшигт үзэгдэл болж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.

Оройн 18:30-19:00 цагийн үед хүчтэй хуй салхи салхилж, аадар бороо орсон байна. Ослын дуудлага аймгийн онцгой байдлын 7033105 дугаарын утсанд 19:37 цагт ирсэн байна. Харин Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн цагт буюу байгалийн гамшигт үзэгдэл болсон 18:00-19:00 цагт салхины хурд 12 метр секунд байна хэмээн мэдээлж байжээ.

Гэтэл энэ үед байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болж салхины хурд 50 метр секунтэд хүрсэн байна.

Хүний амь эрсдэн, мал, машин хийсчээ

Хуй салхинд дөрвөн гэр, нэг модон байшин, гурван автомашин болон 200 гаруй бог мал салхинд хийсчээ. Мөн 12 хүн өртөж, нэг хүн газар дээрээ амиа алдсан бол 11 хүн хүнд, хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Гэмтэж бэртсэн иргэдийн долоо нь тус аймагт аялаж явсан аялагчид байсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин нас барсан иргэний тухайд Улаанбаатар хотын харьяат, 50 настай эрэгтэй хүн байсан аж.

Суудлын автомашин 2-3 км газарт шидэгдэж, базсан лааз шиг болжээ

БНСУ-д үйлдвэрлэсэн 2,5 тонны жинтэй MIGHTY маркийн ачааны автомашин жолоодон явж байсан бөгөөд хүчтэй салхи салхилахад хамт явсан найзынхаа хамтаар нэгэн байшингийн нөмөрт хоргодохоор машинаа зогсоосон байна. Ингээд хамт явсан хүн нь буугаад өөрөө араас нь буух гэж байтал машин нь хүчтэй салхинд цохигдон машинтайгаа 300 орчим метр хийсч улмаар газар дээрээ амиа алдсан байна.

Үүнээс гадна салхинд хийссэн Toyota Prado маркийн жип, Hyunda маркийн суудлын авто машинууд нь айлын гадаа зогсч байсан бөгөөд азаар дотор нь хүн байгаагүй гэнэ. Хүчтэй салхины цохигдсон Hyunda маркийн автомашин нь нурсан байшинд дарагдсан бол Prado маркийн автомашин нь 3-4 км-ийн хийсч, бүрэн эвдэрчээ.

Хуй салхины үеэр 19.6 мм голчтой мөндөр орсон байна

Цаг агаарын энэ үзэгдэл нь тухайн өдрийн 18.21 цагт Архангай аймгийн Хашаат суманд 19.6 мм голчтой мөндөр ажиглагдсан байна. Ингээд 19.44 цагт Төв аймгийн Эрэнэсант суманд 19.06 мм голчтой мөндөр ажиглагдсан. 19 мм гэдэг нь нилээн том мөндөртөө ордог. 

Нийслэлд хэд хэдэн байшингийн дээвэр хуурч унасан осол гарчээ

Тухайн өдрийн 22-23 цагт Улаанбаатар хотод хүчтэй дуу цахилгаантай ширүүн аадар бороо орсон. Ингэхдээ нийслэлийн хойд захаас эхлээд зүүн өмнө тийш буусан үзэгдэл болсон. Мөндөр бол ажиглагдаагүй ч нийслэлд хүчтэй дуу цахилгаантай бороо орж, шороон шуурга шуурсан. Үүний улмаас нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байшингийн дээвэр хуурч унасан осол гарчээ. Азаар эдгээр ослуудад хүний амь эрсдээгүй гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Аянганд ниргүүлж амиа алджээ

Хүчтэй дуу цахилгаантай бороо орж, аянга буусны улмаас Налайх дүүрэгт нэг иргэн аянганд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн тус дүүрэгт гэртээ байсан 6-13 насны гурван хүүхэд аянганд өртөж, гар хөл нь түлэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд орон нутгийн хувьд бороо ихтэй байх тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Монгол орны төвийн бүс нутгуудаар болсон байгаль цаг уурын онц ноцтой үзэгдлийн бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.