Шинэ Засгийн газар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа

Twitter Print
2020 оны 07-р сар 10-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. 

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна. 

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ. Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

Монгол Улсын Засгийн газраасавч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. 

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нйигмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм. Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав. 

Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэцэг, БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх, БХЯ-ны ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх, Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох, ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ, УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг, ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа, ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Ц.Цогзолмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн, СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардууллаа. 

Гадаад харилцааны дэд сайдыг томилов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Батсүмбэрийн Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 

2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ. 

Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.