Хүндэтгэл үү, мунхаглал уу

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Хэрлэнгийн Хөдөө арал дахь Чингис хааны хөшөөний аманд халтайтал тос түрхчихсэн, гарт нь барвайтал нь тос нялчихсан байх юм. Буян заяа хайрлаарай гэж мөргөж хүсэхээрээ тэгдэг юм болов уу, түүнээс чулуун хөшөөний аманд тос хэчнээн нялаад яахсан билээ.

Хөшөө дурсгалд хүндэтгэлтэй хандах тухай анхан шатны ойлголт алга. Тэр дундаа Монгол Үндэстний эцэг болсон их хүнийхээ хөшөөний аманд тос нялгадаж суугаа сэтгэлгээг юу ч гэлтэй юм бэ дээ.

Овоо хайрханд мөргөхдөө хүртэл зөвхөн өөрийгөө л сайн сайхан болгоод өгөөрэй гэх, тэгээд хог ловшоо хайргүй хаялна. Уул хайрханы орой дээр бие хөнгөлдөггүй хатуу хуультайсан, Монгол түмэн маань. Гэтэл овооны ойрхон 00-ын цаас байтугай памперс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хүртэл харагдах.

Жил бүр л шинэчилж байдаг Ерөнхий боловсролын Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ мэтийг бүр толгойд нь ортол заадаг, сургадаг баймаар. 

Энэтхэг улсын Дели хотын төвд байх Хумаан хааны бунханд ирж үзэж буй ЕБС-ийн хүүхдүүдийн цувааг хараарай. Ийм танилцах аялал тасардаггүй юм билээ. ЕБС-ийнх нь хөтөлбөрт тусгагдсан байдаг гэсэн. Махатма Гандийн шарилд очиход бага сургуулийн хүүхдүүд тасралтгүй эгнээ эгнээгээрээ, анги ангиараа орж гарч харагдсан. Нэг юм хэлээд л байгаа биз. Манайх бол харин эсрэгээрээ. Хааяа нэг үнэгүй аян явуулснаа тэнгэрийн хишиг мэт сурталчилна. Тэнэглэл. Дашрамд Хумаан/Хумаюн хаан нь Доголон Төмөр хааны удмын Бабур хааны хүү юм. Дундад Азийн Монгол угсааны хаадын үр удам.

Харин бид хөшөө дурсгал, овоо бунхан харагдвал нэг бол очиж хадаг уяна. Тэр нь нийлэг хадаг, хог болохоос цаашгүй. Шатаахаар замын хар шиг урсаж, өмхий утаа уугина. Бас энэ мэт тос нялна. Эсвэл бүр ховхлоод хулгайлчихна. Арай л нохой шиг сарихгүй юм. Нийгмийн соён гэгээрэл зөвхөн хувь хүмүүсийн санаачилга дээр тогтдоггүй, төр нь хүч нэмж, бодлого хөтөлбөр гаргадаг учиртай. Энэтхэгийн ЕБС-ийн хүүхдийн сургалтын хөтөлбөрөөс ядахад санаа аваасай.

Б.Наминчимэд 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.