
ТЭД ГАДААД РУУ МОРДСООР Л...
Сайхан залуус Монголоосоо мордсоор байгааг мэдээллээс ямар их уншиж, харж байна вэ? Аав ээждээ үнсүүлээд, тэдэндээ үлдээсэн үр хүүхдээ зөрүүлж үнсээд нүдэндээ нулимстай хойшоогоо хоргодон гар далласаар Хөшигтийн хөндийгөөс нисэхийг харах гунигтай.
"Юун сүртэй юм бэ, насны залууд гадагшаа гарч сурч боловсрохоор явж байна, явахгүй яадаг юм бэ?" гэж хэлэх байх л даа. Надад харин маш гунигтай санагдаж байна.
Дэндүү уудам дэлгэр нутагтай, газрын хэвлийнхээ баялгаар бүү хэл хэдэн малынхаа буянаар хэний хэнбугайг ч царай алдахгүй амьдарчих бололцоотой 3,5-хан сая хүнтэй ийм орныг гучхан жилийн дотор ямар амархан самрав аа?
Эхлээд зах хязгаар нутгаас нь ДОТОГШ нь ХУМИХ бодлогоор Улаанбаатар гэдэг ганцхан хот руу бөөн бөөнөөр нь "авчрах" ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Тэгснээ эзэнгүй болсон нутгийг нь уултай устай нь самраад гадагш нь үнэгүй зөөгөөд дуусгаж байгаа.
Даац нь хэтэрсэн хотдоо багтаж шингэхгүй, хөл толгойгоо олохоо больтол эргүүтмэгц нь "Гадагшаа гараач! Аав ээж чинь хүүхдийг чинь харна, тэдэнд мөнгө л явуулахад болно!" гэж дээр дооргүй уриалж байгаад хамгийн эрүүл, сэргэлэн цовоо монголчуудыг "малиндаж", СОРЧИЛЖ байгаад гаргаад дуусгах нь дээ.
Ид хөдөлмөрийн насны эрүүл бүтэн залуусыг нь гаргаж дууссаны дараа энд ХЭН, ХЭН ҮЛДЭНЭ гээч?!
Хүүхэд хардаг тэтгэврийн эмээ өвөө нар, хар мянган бага насны хүүхдүүд, группт байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэртээ гарах дөхсөн хэсэг бүлэг хүмүүс, хөдөөгүүр үлдсэн цөөхөн хэдэн малчид, халамжаар болон хүүхдийн мөнгөөр тэжээлгэгсэд болон үлдсэн нөхдүүдийг эргүүтүүлээд зээл тусламжаар залж байдаг "дарга анги" л үлдэх нь дээ!
ХҮҮХЭД ХӨГШДИЙГ ДЭЭРЭЛХЭХ шиг амархан юм энэ орчлонд ҮГҮЙ! Тийм болохоор нутгаа хаяж мордсоор буй эдгээр залуус нэг л юмыг ойлгоосой!
Хэдэн ч жилийн дараа юм бэ дээ, нутгаа зорьсоор ирэхэд чинь ХИЛ ч үгүй, ХЭЛ ч үгүй гандаж гундсан, ногоо цагаа ч үгүй элсээр шуурсан хөндийд ноолорсон хэдэн амьтан сүүтийгээд угтах вий дээ.
21-р зуунд бүх юм маш хурдан болж өнгөрдөг юм байна. Саяхан л Хятадын хамгийн баян хүн гэгдэж байсан Жэк Ма гэхэд л өнөөдөр харийн нутагт багш болчихсон байна гээд бод доо? МӨНГӨ гэдэг ийм л барьцгүй эд юмсанжээ.
Тэгэхээр мөнгө олох гэж гадаад руу одоо гарч байхын оронд Талбай дээрээ гарсан бол гэх харуусал хэзээ нэгтээ биелэх вий.
ТЭД ХЭЗЭЭ ИРЭХ БОЛ?!
Ж.НАРАНА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.