Сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газраас нүүрсний далд уурхай нь байгалийн хий ихээр ялгаруулдгаараа эрсдэлтэйд тооцогддог гэнэ. Түүнчлэн ЭТТ-н уг уурхайн хувьд метан хийн бүтэц өндөртэй тул түүнд хэрэглэгддэг нарийн техник, тоноглол, мэдрэгч зэрэг нь зэвсгийн шинжтэй байдаг. Уурхайд шаардагдах их хэмжээний усыг хаагуур ямар хоолойгоор татсан зэрэг дотооддоо нууцлах шаардлагатай, тагнуулын байгууллагын хяналт дор хийгдэх ёстой ажлууд учраас тагнуулын байгууллага бүртгэлд хамруулж нууцын жагсаалтад орууллаа гэсэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Тийм учраас уг уурхайтай холбоотой асуудлыг нууц гэж ойлгосон бололтой. Түүнээс биш дээрх компанитай хийсэн гэрээ, гэрээний дагуу шилжүүлэх төлбөр мөнгөний асуудал нь нууцын зэрэглэлтэй биш юмсанж. Тухайн компанийн нэр ч нууц биш бөгөөд “Элгэн” гэдэг нэртэй энэ компани нь далд уурхайн хайгуул шинжилгээний лаборатори  компаниудын консорциумын толгой компани бололтой юм. Тус компани руу гэрээний урьдчилгаа 20.9 тэрбум төгрөгийг шилжүүлэх гэж байсан нь нууцлах зүйл биш бөгөөд БЭТ томилохын өмнөх өдөр учраас анхаарал татсан байж болох юм.

Тэгэхээр “ЭТТ” компанийн нэр бүхий албан тушаалтныг ажлаас халсан шалтгаан нь тендрийн баталгаа гаргаж өгөөгүй байхад шилжүүлэх гэсэн оролдлого хийсэн, худалдан авах ажиллагааг оновчтой зохион байгуулж чадаагүй, хяналт тавьж чадаагүй гэх үндэслэлүүдээр цаашид хамтарч ажиллахгүй гэсэн байр суурийг илэрхийлж ажлаас чөлөөлжээ.  Одоогийн байдлаар “ЭТТ” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон Засгийн газраас тус компанид БЭТ-ээр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар харилцан ойлголцож компанийн нөхцөл байдлыг улам сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж чадаж байна гэж ойлгож болохоор байна.

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn