
Өнгөрсөн мягмар гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотын төвд хэдэн мянган иргэд Гүржийн парламентын хэлэлцэн дэмжсэн "гадны агент"-ын тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагссан байна.
Иргэд уг хуулийн төсөл нь Гүрж улсыг авторитар дэглэм рүү хөтөлсөн, тус улсыг Европын холбоонд элсэх боломжийг эрсдэлд оруулсан хэмээн үзэж байгаа аж.
Жагсаалын үеэр иргэд цагдаа нар луу Молотовын коктэйль шидэж, чулуу нүүлгэсэн бол хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд даралттай усаар шүршигч, нулимс асгаруулагч хий зэргийг ашигласан байна.
Эрх баригч Гүржийн Мөрөөдөл намын санаачилсан дээрх хуулийн төсөлд санхүүжилтынхаа 20-иос дээш хувийг гадаадаас авч байгаа байгууллагуудыг "гадны агент" гэж бүртгэх эсвэл тухайн байгууллагад их хэмжээний торгууль ноогдуулах тухай тусгажээ.
Ажиглагчид уг хуулийн төсөл нь 2012 онд ОХУ-д батлагдсан хуулийн төсөлтэй адил байгааг онцолж байна.
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили жагсагчдын талд байгаагаа илэрхийлэн, уг хуулийн төсөлд хориг тавихыг хүсэж буйгаа мэдэгджээ. Тэрээр, "Хэнд ч энэ хууль хэрэггүй. Энэ хуулийг дэмжсэн бүх хүмүүс үндсэн хуулиа зөрчсөн." хэмээн, гүржүүд ирээдүйгээ Европын холбоонд элссэнээр харж байгаа гэдгийг онцолжээ.
Гүржийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр дээрх хуулийн төсөл нь Гүржийн парламент эхний шатны санал хураалтандаа дэмжигдсэн аж. Гүржийн парламентын ордны гадаа цугларсан жагсагчид Гүрж улсын далбаанаас гадна Европын холбоо болон АНУ-ын далбааг барьсан байсан ба "Оросуудын санаачилсан хуульд үгүй гэж хэлье", "Та нар бол оросууд" хэмээн хашгирч байжээ.
Гүржүүдийн дийлэнх нь 1990-ээд онд оросууд Гүржийн Абхаз болон Өмнөд Осетийн салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлснээс хойш ОХУ-ыг дайсан гэж үзэх болсон ба үндэстэн хоорондын цуст зөрчилдөөнөөс болж Гүржийн хэдэн зуун мянган иргэн орон гэргүй болсон юм.
Берлинд айлчилж буй Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхээс гадна "гадны агент"-ын тухай хуульд заасан зүйл заалтууд нь "Европын болон дэлхийн стандарт"-нд нийцэж байгаа гэжээ.
Өнгөрсөн даваа гарагт дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Гүржийн парламентын гишүүд хоорондоо гар зөрүүлсэн бол иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн 60 гаруй байгууллага уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд уг хуулийг дагахгүй гэдгээ мэдэгдээд байна.
Сүүлийн жилүүдэд Гүржийн засгийн газар улс орноо авторитар дэглэм рүү хөтөлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ба өнгөрсөн 6-р сард Европын холбоо холбоо Молдав, Украин, Гүрж улсад Европын холбооны гишүүнд нэр дэвшигчийн статус олгохоос татгалзсан юм. Шалтгаан нь тухайн улс орнууд дахь улс төр ба шүүхийн өөрчлөлт шинэчлэлт хэмээн заасан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn