Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон!

Twitter Print
2020 оны 10-р сар 26-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Дашдоржийн Нацагдорж

АЛТАЙН ЦААДАХ ГОВЬ АРИГ ДАГШНААРАА ОРШИГ!

/Алтайн цаадах говь бол Монголын нэгэн гайхамшиг хэмээн харийн хүний бичснийг уншаад татсан таталбар/

Алтай цаадах говь гэж бид бишгүйдээ л нэг ярьдаг. Гэхдээ чухам хаахна оршдог, ямархан газар нутгийг хэлээд байгааг бидний дотроос хэн нэг нь тэр бүр сайн мэдэхгүй ч байж болох талтай. Тэр ч бас аргагүй, санасан зоргоороо хүн бүр давхиад оччих ч газар биш, тэгэхийн ч хэрэг тэр болгонд юу байх билээ. Харин монгол хүн болж төрсөн хэн бүхэн мэдэж, хайрлаж, хямгадаж, хааш хэрэг бүхнээс хамгаалж байх ёстой газар бол тэр яахын аргагүй мөн.

Тэр ариг дагшин, агуу уудам нутгийнхаа талаар өөрийн зүгээс олныг эс нуршин, эх орноороо хөндлөн гулд хэдэнтээ аялж, эрдэнэс баялагт нь сэтгэл хоргодох юм даанч үгүйгээр судалгаа шинжилгээ хийж явсан, нэрд гарсан эрдэмтэн, зохиолч Дондогийн Цэвэгмид гуайн аль тэртээх 1963 онд хэвлүүлсэн “Алтайн цаадах говьд” хэмээх алдарт тэмдэглэлээс нь иш татахад л хангалттай мэт санагдлаа. Дондогийн Цэвэгмид гуай тэрхүү тэмдэглэлээ ийнхүү эхэлсэн байдаг билээ.

“Борзонгийн говь, Нарийн хөхийн говь, Элгэн усны говь, Хонин усны говь, Цэнхэр Номины говь гэж ярилцдаг. Мөн Тост, Яст, Ноён, Сэврэй, Сэгс цагаан богд, Атас, Чингэс, Мэлтэсийн буурал, Аж богд, Зөөлөн богд, Тахийн шар нуруу, Их, Бага Хавтаг, Байтаг богд гэх зэрэг хэдэн арван уул нуруудыг манай монголчууд нэрлэдэг, эрт урьд цагаас эхлэн эх орныхоо баруун өмнөд хэсэг дэх нэр дурдсан энэ уулсын тэнүүн сайхан хөндий, тэдгээрийн орчин тойрны говь цөлөөр нутаглаж газар зүйн байдал, агаар, улирал, адгуусан амьтныг нь сайн мэддэг болсон билээ.

Дээр нэрлэсэн алдарт өргөн говиуд, жавхлант сайхан уулс нь Алтайн нурууны өмнөд ба баруун өмнө талд оршино. Тэр уудам их газар нутгийг л Алтайн цаадах говь гэж нэрлэдэг юм” Дондогийн Цэвэгмид гуай “Алтайн цаадах говьд” хэмээх тэрхүү нэрд гарсан тэмдэглэлээ ийнхүү төгсгөсөн байдаг билээ. “Байгаль дэлхийн баялгийг барагдуулж, гоо үзэсгэлэнг нь гутаахад тун ч амархан, харин тэр бүгдийг дахин сэргээхэд туйлын хэцүү. Иймээс аглаг ой, атар талд гарахдаа амь хөнөөгч зэвсгийн оронд ариун байгалийг тольдон буулгагч аппарат үүрэн явагчид өдрөөс өдөрт олширч, балчир гэнэн багачууд дүү нар маань бялзуухай, хэрэм хараад чулуу далайж, чавх онилохын оронд өглөгийн гараа өөдөөс нь сунгадаг болох болтугай” хэмээн ерөөсөн юм. Дондогийн Цэвэгмид гуай, чулуу чавхны төлөө хүртэл санаа зовниж, эх байгалиа эвдэж сүйтгэхгүй байхсан гэж мөрөөдөж явсан тэр цагаас хойш 30-аадхан жил өнгөрөхөд л бүх юм орвонгоороо эргэж орхисон.

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр хаа сайгүй, газрын хөрсийг онгичин эргүүлж, гүнд нь хүртэл хүчит техникийн аагаар ухаж төнхөж, алт эрдэнэс юу байдгийг нь хамж, сарны гадаргуу мэт болгоод хаях нь гэм биш, харин ч гавъяа гэхээр болсон. Ан амьтны юу л мөнгө болно, тэр бүхнийг олохын тулд, заримдаа ч бүр зугаацахын төлөөнөө, хурдан тэрэг, хурц зэвсгийн идийг үзүүлэх нь ял биш, харин ч эрийн жаа, ид бахын хэрэг гэмээр болсон. Эрдэмтэн, зохиолч Дондогийн Цэвэгмид гуай 1991 оны дөрөвдүгээр сард бурхны оронд заларсан болохоор, байгаль дэлхийгээ хайрлаарай гэсэн захиасыг нь, эх орныхоо мөнхийн гоо сайхныг нь бүү зэрэмдэглээрэй гэсэн гэрээслэлийг нь хэрхэн хөсөрдүүлэхийг үзээгүй нь яамай гэхээр. Тэгээгүй бол ч, тэдний гэгээн үеийнхэн, өөрсдөө л элэг зүрхээ тас тас огтлуулснаас ямар ч өөрцгүй болох байсан нь огтоос эргэлзээгүй.

Алтайн нурууны зүүн шувтарга болон үргэлжлэн сунайх, нүнжиг буяны өлгий гэмээр Тостын орчмоор нэг л мэдэхэд юу болсон билээ дээ. Онц ховор амьтан, ургамлын ёстой диваажин, олон булаг шанд, баян бүрдүүдийг амин эрдэнэ -усаар хангагч хагалбар нь болсон тэр хүршгүй онгон дагшин газарт л гэхэд, ашиглалт, хайгуулын 21 зөвшөөрөл хэдийнээ өгчихсөн байсан. Эрх мэдэл, мөнгөнд сагасан хэдэн нөхдөд ямар, энэ Монгол улс минь, ирээдүй хойч үе минь, эрдэс баялгийг нь ашиглаад эхэлбэл сөнөж эхлэх эмзэг хариугүй эко орчил минь хэмээн хайрлах өөриймших, халаглах нандигнах элгэмсэг монгол хүний сэтгэл гэж байх биш, юу юугүй л ухаж онгичоод, ус ундаргыг нь сүйтгээд эхэлсэн. Ховор амьтан, хосгүй байгалийнхаа төлөө амиа ч өгөх сайхан хөвгүүн, нутгийн олны тэмцэл ямар ч бол нэг хэсэгтээ аврал болсон. Гэхдээ л ард олны санамж сэрэмж, хараа хяналт, эвлэн нэгдсэн тэмцэл хэзээ нь хэрэгтэй. Эх орныхоо тухай мэдлэггүй, мэдээлэлгүй, тэмцэлгүй, эвлэлдэж нэгдэж чадахгүй л бол, эрх мэдэлд элдэв аргаар хүрсэн, тэр хэрээрээ буруу замаар хөлжсөн, авч идэхийн дон шүглэсэн хэдэн нөхдөд байгаль эхээ сэглүүлж, байдаг баялгаа шимүүлээд дуусах нь тодорхой гэдэг сургамжийг мартах учиргүй.

Ноён уулынхаа төлөө тэмцээрэй, би дээрээс нь дэмжээд өгнө гэсэн нэгэн нөхөр, эрх мэдэлд хүрмэгцээ, идэх шулахын бирд болон хувирчихаад, юун ганц Ноён уул байтугай, бүхэл бүтэн Монгол улсыг хэдэн арван жилээр тэжээж ирсэн, цаашид ч аврал болон үлдэх Эрдэнэтийг тэрчигээр нь авахаар, -Одоо та нарт хэрэггүй, Эрдэнэт саалийн үнээ биш, тэжээлийн үнээ болсон хэмээн хээгээ алдан улайрдаг шиг тийм нөхөд байсаар байхад, ард олон тайвшрах болоогүй. Байгалийн баялаг гэдэг бол, хэн нэгэн Чойжоо нь ч бүтээгээгүй, аль нэгэн Цахиа нь ч бий болгоогүй, ашигладаг юм гэхэд, монгол хүн болгонд хүртэж байх, ашигладаггүй юм гэхэд, ариг дагшнаараа мөнхөрч хоцрох та бид бидэнд төрөлхөөс заяасан хосгүй их өгөөж буян билээ.

Алтайн цаадах агуу их говь нутаг минь арааны шүлс нь асгарсан хэн нэгэн, хэсэг бусаг нөхдийн бэлээхэн зэхээстэй амархан хүртчих хоол биш, ариг дагшнаараа ирээдүй хойчсийг минь тосон үлдэх, Эх байгалийн минь өнийн дархлаа, тэнд үүрлэн оршигч ан амьтан, араатан жигүүтний мөнхийн диваажин байх ёстой ажээ!

Өвгөдийн минь сургааль, эртнээс янагшхи хүслэн нь ганц тэр буюу.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.