Ерөнхий сайд “Орбис” явуулын нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 31-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Монголд нүдний өвчлөлийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн “Насанд хүрэгсдийн болон хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний жишиг" төслийн хүрээнд олон улсын нүдний эмч нарын “Орбис” явуулын эмнэлэгийн баг манай улсад хоёр долоо хоног ажиллаад буцах гэж байна. Дээрх төсөл ирэх таван жилийн хугацаанд Монголд хэрэгжих учраас олон улсын эмч нарын баг манай оронтой нягт холбоотой ажиллах юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байрласан тус явуулын эмнэлэгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Монголын иргэд, тэр дундаа хүүхдүүдэд үр өгөөж өгөх төсөл хэрэгжүүлж байгаа олон улсын эмч нарын багт талархал илэрхийлээд, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн тодотголоо. "Гар утас, компьютер зэрэг сүүлийн үеийн төхөөрөмжийн хэт их хэрэглээ хүүхдүүдийн нүдийг гэмтээдгийн жишээ манай гэр бүлд ч байна. Хүүхдийнхээ технологийн хэрэглээг зөв удирдаж хэвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээллийг салбарын эмч мэргэжилтнүүд эцэг эхчүүд, иргэдэд энгийн хялбар байдлаар хүргээрэй" гэж захилаа.

ОРБИС нь нисэх онгоц дээр байрладаг дэлхийд ганц нүдний эмнэлэг бөгөөд орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Нарийн мэргэжлийн багаж, үзлэг оношилгоо, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон энэ нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

"Орбис" байгууллага Монгол Улстай 1990-ээд оны эхэн үеэс эхлэн хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн яамны урилгаар зургаан удаа ирж ажиллажээ. Энэ удаа манай нүдний эмч мэргэжилтнүүдэд Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн сургалт явуулж, туршлага хуваалцсан юм. Сургалтынхаа зэрэгцээ нүдний хүнд өвчин эмгэгтэй иргэдэд үзлэг, эмчилгээ, хагалгаа хийжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор дэлхий даяар 285 сая хүн хараа муутай байгаагийн 90 хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог байна. Монгол Улсад зайлсхийж болох сохрол харьцангүй өндөр хувьтай байгааг олон улсын эмч нар хэллээ. Эвэрлэгийн шалтгаантай сохрол хөдөө орон нутагт зонхилон тохиолдож байгаа бол чихрийн шижингээс шалтгаалсан торлогийн сохрол хот суурин газарт нэмэгдэх хандлагатай байна. Харин хүн амын 40%-ийг эзэлдэг хүүхдийн сохролын тархалт 1000 хүүхэд тутамд 0.2 байгаа ба үүний 72.4% нь урьдчилан сэргийлж болох эмгэг байна гэж тэд дүгнэлээ.

“Орбис”-ын эмч нарын баг 1982 оноос хойш 92 оронд хөтөлбөр хэрэгжүүлж, нүдний 325 гаруй мянган мэргэжилтнийг сурган дадлагажуулж, 23.3 сая сохор ба харааны бэрхшээлтэй иргэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.