ОХУ НАТО-гоос зүүн Европ дахь үйл ажиллагаагаа хязгаарлахыг шаардлаа

Twitter Print
2021 оны 12-р сар 18-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

ОХУ Умардын Атлантын Гэрээний Байгууллага НАТО-гоос Зүүн Европын улс орнууд дахь үйл ажиллагаагаа хумьж, хязгаарлахыг шаарджээ.

Украины хил орчим ОХУ-ын олон арван мянган цэргүүд, цэргийн машин техник байршиж байгаа энэ үед АНУ тэргүүтэй НАТО ОХУ-ын илгээсэн шаардлагыг биелүүлэх ямар ч боломжгүй хэмээн шинжээчид үзэж байна.

ОХУ Украин руу цэргээ оруулахгүй хэмээн удаа дараа мэдэгдэхийн зэрэгцээ НАТО-д үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд Украиныг байгууллагадаа элсүүлэхгүй байхыг шаардсаар байгаа билээ.

ОХУ-аас НАТО болон АНУ-д шаардлага илгээснээс гадна уг асуудлаар АНУ-тай шуурхай уулзаж ярилцахыг хүссэн байна. Вашингтон хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн хэмээн мэдэгдсэн ч өөрийн зүгээс бас шаардлагуудаа тавих болно гэдгээ онцолжээ.

Энэ талаар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, "Бид Европын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар ОХУ-тай өнгөрсөн 20 жилийн турш яриа хэлэлцээр хийсээр ирсэн. Заримдаа бид ямар нэг үр дүнд хүрдэг, заримдаа мухардалд ордог. Гэсэн хэдий ч бид үргэлж хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байдаг." хэмээн онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки АНУ дангаараа ОХУ-тай хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр, "Европын аюулгүй байдлын асуудлыг Европын холбоотнууд, түнш орнуудгүйгээр хэлэлцэхгүй." хэмээн онцолсон юм. Европыг Зөвлөлт Холбоот улсын заналхийллээс хамгаалах зорилгоор анх байгуулагдсан Умардын Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО нь Балтын тэнгисийн орнууд болон Польшид мөн адил үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Сергей Рябковын мэдээлснээр ОХУ АНУ болон НАТО-д төсөл гэрээ илгээжээ. Түүний хэлж байгаагаар ОХУ болон Барууны орнууд хооронд ямар ч итгэлцэл үлдээгүй учраас ОХУ-ын зүгээс түрүүлж санал тавьж байгаа аж. ОХУ АНУ, НАТО-д илгээсэн төсөл гэрээндээ хэд хэдэн шаардлагыг биелүүлэхийг хүсчээ. Үүнд ЗХУ-ын задралын дараа НАТО-д элссэн орнуудыг ОХУ-ын аюулгүй байдалд ач холбогдолтой гэж тодорхойлсон бүс нутгуудад цэрэг, техник байршуулахгүй байх, тэдгээр улс орнууд агаарын болон далайн хилээсээ гадуур пуужингийн систем, дайны хөлөг онгоц зэргийг байршуулсныг ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзнэ гэжээ.

Эдгээр шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд НАТО Балтын тэнгисийн орнууд болон Польш дахь үйл ажиллагаа хязгаарлаж, Украин болон Гүрж улсыг байгууллагадаа нэгтгэх төлөвлөгөөгөө орхино гэсэн үг бөгөөд өөрөөр хэлвэл ОХУ НАТО-гоос боломжгүй зүйл шаардаж байгаа гэсэн үг юм.

Украины зүүн хил дээрх дайн 2014 оны 4-р сард буюу Крымийн хойг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгдсэний дараа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар уг дайны улмаас 14 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа билээ. Барууны орнууд ОХУ Украины хил орчим цэрэг техникээ байршуулснаараа Украин руу цэргээ оруулна гэж таамаглаж байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.