Сяньби улс нь Монгол хэлт эртний овог, аймгуудын байгуулсан хоёрдахь төр улс

Twitter Print
2021 оны 07-р сар 25-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

"Сяньби улс" нь Монгол хэлт эртний овог, аймгуудын байгуулсан хоёрдахь төр улс, хаант засаглалтай.

Сяньбичууд тархай бутархай хэвээр байсаар II зууны дунд үе хүрчээ. Сяньбийн Сухэ аймгийн тэргүүн Таньшихуай (136-186 он) арван тав, зургаа настайдаа эрэлхэг, цовоо сэргэлэнгээрээ олонд гайхагдаж удалгүй Сяньбийн их толгойлогч, хаан болжээ. Таньшихуайн байгуулсан Сяньбийн хүч чадал Хүннү улсаас нэн хэтэрлээ гэсэн Хань улсын түшмэл “тэдний зэвсэг хурц, морь хурдан” болохыг цохон тэмдэглэжээ. Таньшихуайн удмын Хэлянь, Куйтоу, Цяньмянь, Будугэнь, Фулохань нарын хаад Сяньби улсыг 220-иод он хүртэл захирчээ. Кэбинэний (220-235 он) үед Сяньби улс дахин хүчирхэгжив. Гэвч 235 онд Кэбинэнийг хорлогдож үхсний дараа Сяньби улс нь олон жижиг ханлиг, аймгийн холбоо болон бутарчээ. Тэдгээрээс хожим III-VII зуунд сяньби-цифу, сяньби-дуань, сяньби-мужун, сяньби-тогон, сяньби-табгач, сяньби-туфа зэрэг хэд хэдэн аймаг өөрийн төр улсыг удаа дараалан байгуулсан ч эдгээр аймгийн үүсгэсэн төр улс их төлөв Их Говиос урагших нутагт төвлөрч байсан бөгөөд хожим дийлэнх нь хятадын дунд уусч, уугуул хэл, соёлоо гээсэн юм.

Хүннү гүрэн задарч Умард, Өмнөд хүннү гэсэн хоёр улсад хуваагдаж, умард хүннүчүүд зөвхөн говийн арын одоогийн Монгол улсын хэмжээнд, өмнөд хүннүчүүд Ордосын зүүн хэсэгт ноёрхлоо хадгалан үлджээ. Төв Азийн бусад бүс нутаг, одоогийн Өвөр Монголын төв зүүн, зүүн хойд хэсэгт хоосон орон зай үүсэв. Энэ үед сяньби нарын дунд Сухэ овгийн Таньшихуай (檀石槐, 136-156-181) хүч чадлаараа товойн гарч эв нэгдэлгүй явж ирсэн сяньби аймгуудыг хоромхон хугацаанд нэгтгэсэн. Сяньби улсын үүсэл, бэхжил Таньшихуайн үйл ажиллагаатай шууд холбоотой.

Сяньби аймгуудыг нэгтгэсэн Таньшихуай их ахлагч болоод Гаолю (Шаньси мужийн Янгао хот)-гаас хойш 300 гаран ли (120-140 км) зайтай Таньхань (Дархан?) уулын Чочоу голын эрэгт орд өргөөгөө байгуулав. Дараа нь Динлин, Фуюй, Усунийг дайлж Хүннүгийн уг нутгийг эзэлжээ. Түүний эзэлсэн газар нутаг 156-181 оны үед дорноос өрнө зүгт 12000 ли (4800 км), өмнөөс умар зүгт 7000 ли (2800 км) үргэлжилж байлаа. 177 онд Цай Юн гэгч түшмэл “хүннүчүүд зугтсанаас хойш нутгийг нь эзэлсэн сяньби нар хүчирхэгжив, 100-аад мянган цэрэгтэй” болжээ гэж өгүүлсэн. Гэвч 156 оны намар Таньшихуай 3-аас 4-хөн мянгаад л цэргээр Юньчжун тойргийг довтолж байв. Таньшихуай сяньби аймгуудыг нэгтгээд 160-аад онд нутаг дэвсгэрээ гурав хуваав. Юбэйпинээс зүүн тийш Ляодун ба Фуюй, Вэй-Мо хүртэлх 23 бу (аймаг)-г зүүн гар, Юбэйпинээс баруун тийш Шангу хүртэл нутагт суух 10 гаруй бу (аймаг)-г төв, Шангугаас Дуньхуан, Усунь хүртэлх газарт орших 20 илүү бу (аймаг)-г баруун гар болгож, зүүнгарт – Мицзя, Цюецзи, Сули, Хуайтоу, төвд – Кацзуй, Цюецзюй, Муюн, баруунгарт – Чжицзяньло, Ложилюй, Туй-инь, Яньлию нарын ахлагч томилжээ. Таньшихуайн дараа Сяньбийн дотоодод хаан ширээний төлөө тэмцэл явагджээ.

Хэдэн хаан суусны дараа Будугэнь сяньбийг тэргүүлэх болов. Гэвч Будугэнь хүч султай тул хэдэн арван мянгаад иргэнтэй Фулохань ах бие даах болжээ. Тэр цагт Дай тойргийн ухуань нарын ахлагч Нэньчэньди Фулохань, Кэбинэн хоёрыг чуулганд урьжээ. Чуулган дээр Кэбинэн гэнэт Фулоханийг алж, Будугэньтэй тэрсэлдэж эхэлсэн ба 220 оны үеэс Сяньби улс хоёр хуваагдав. Нэг хэсэг нь Будугэнь нарыг дагаж бэхлэлт хэрмийн өмнүүр Тайюань, Яньмэниэр нутаглаж байсан бол нөгөө хэсэг нь Кэбинэнд захирагдан бэхлэлт хэрмийн араар говиос өмнүүр зүүнээ Ляодун баруунаа Иньшань, Алаша хүртэлх газарт тархан сууж байв.

Кэбинэн 196-222 оны үед тэрээр Хан улстай дайтах, найрамдах зэргээр харилцаж байжээ. Хуанчугийн гуравдугаар он (222)-д Кэбинэн өөрийн харьяат 3 мянгаад хүнээ дагуулж, Дай тойргийн ухуаний Сюулу-гийн 3 мянган цэргийн хамт далан мянган үхэр, адуу туун ирж хятадуудтай худалдаа хийж байв. Будугэнь Кэбинэний ятгалгаар 233 онд Бинчжоугаас нүүж ирэхэд Кэбинэн биечлэн мянган морьт цэргээр Синлин уулын ард тэднийг угтжээ. Гэвч тэр хоёр найрамдал удаан үргэлжлээгүй ба Будугэнийг Кэбинэн барьж алав.

Кэбинэнийг 235 онд Хятадын нэгэн мужийн захирагч Ван Сюний илгээсэн хөлсний алуурчин Хань Лун алжээ. Кэбинэн алагдсанаас хойш III-IV зууны үед Сяньбийн дотор хаан ширээний төлөө ширүүн тэмцэл эхэлсэн бөгөөд үндсэндээ Сяньби улс задарч бутарчээ.

Б.Батсүрэн

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.