
Хятадын баруун өмнөд зүгийн Чэнду хотод байрлах АНУ-ын консулын газар Хятадын эрх баригчдын шийдвэрийн дагуу хаагджээ. Консулын ажилчид болон дипломатууд автобусанд суун консулын байрыг орхин явах үед консулын байрны гадаа Хятадын туг далбаа барьсан олон тооны иргэд цугларсан байжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ Хьюстон дахь БНХАУ-ын консулын газрыг хаах шийдвэр гаргасан ба өнгөрсөн баасан гарагт Хятадын дипломатууд Хьюстон дахь консулын газрыг бүрэн сулласан билээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаах шийдвэрээ Бээжин оюуны өмч хулгайлсан явдалтай холбон тайлбарласан юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хоорондын харилцаа ойрын өдрүүдэд эрс хурцдаад байгаа билээ. Хоёр орны худалдааны салбарт асуудал тулгарсаны дээр АНУ-ын Ерөнхийлөгч Бээжинг коронавирусын цар тахал тархсан явдалд буруутгасан юм.
Түүнчлэн Вашингтон Хятадын эрх баригчид Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн явдлыг, мөн Шиньжаан дахь шашны цөөнхийг хавчин, олноор нь хорьж байгаа явдлыг тус тус хүний эрхийг зөрчиж байга хэмээн буруушааж байгаа билээ. АНУ-ын хувьд их газрын Хятадад 4, Хонгконгт 1 консулын газар, нийслэл Бээжинд элчин сайдын яамтай үлдэж байгаа бол АНУ-д БНХАУ-ын 4 консулын газар, нийслэл Вашингтонд элчин сайдын яам байрлаж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.