Маргаашийн тухай дандаа бодож бай

Twitter Print
2020 оны 11-р сар 12-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

...Өглөө сэрэхэд минь нарны туяа цонхны хөшиг нэвтлэн гийж, онгорхой цонхоор шувуудын жиргээ хөгжилтэйеэ исгэрч, энэ ертөнцийн түмэн авиа чихнээ сонордохуйяа сэтгэлийг сэргээнэ. Энэ л гэгээлэг ертөнцийн түмэн гэрэл гэгээ, хөг аялгуунд амьд бүхэн сэргэж идэх хоол, амар амгалан амьдрахуйн буман нугачаанд сэргэж, бас бүдчинэ.

Яг энэ өдөр энэ ертөнцийн эгшиг хэмнэлд дор хэн нь энэ ертөнцийг орхиж, хэн нь энэ ертөнцөд залран ирэхийг таахуйяа бэрх. Өнөөдөр оршин байгаа бид нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны гэрэл дор ав адилхан амьдралын хэмнэлээ үргэлжлүүлэх гэж эвшээлгэж, яарч сандарч, бас дуулж бүжиглэн, зарим нь аажуухан алхангаа кофе ууж, сонин шагайлж өөр өөрийн орон зай руугаа тэмүүлэх. Зарим нь баярлаж, зарим нь гуниглаж, хэн нэг нь уйлж, хэн нэг нь өөртөө болон бусад руу инээмсэглэж шөнийн түнэр харанхуйд болж өнгөрсөн сайн муу илч энерги бүхнээ бусад руу илгээх аж.

Өглөөний наранд сэрсэн тэр л мэдрэмжээрээ хүмүүс бид оройг хүлээдэг. Өөр юу ч санамсаргүйгээр өөрчлөгдөхгүй бол, бид маргаашийн тухай тэгтлээ бодохгүйгээр өнөөдрөөр амьсгалдаг. Хэн нэгэнтэй маргалдаж бухимдсан сэтгэлээ шар айргаар даруулж, хээнцэрхэн бүсгүйд дурласан сэтгэлээр мухлагаас сарнай цэцэг худалдан авч түүн рүүгээ зорьж, магад нэгний магтаалын үгэнд баярлан цаас эрээчиж, гомдоосон нэгэндээ гэрээслэл бичин амиа егүүтэхийг завдаж, голоо зогоох хоолны төлөө биеэ арилжиж, гомдол баяр дунд хүмүүн бид савчиж амьдардаг.

Нар жаргаж харанхуй нөмрөхөд уушийн газрууд хүмүүсээр дүүрч, ууж идэн тамшаалах орчинд энэ өдөр амьд яваадаа баярласан хүмүүсийн хөлчүү дуу танхим дүүргэж, эргэж ирэхгүйгээр одсон нэгний төлөө харууслын хундага өргөж, дусал нулимсаа хурууныхаа өндгөөр арчина. Бас шинээр дурлаж, маргаашийн өдөр энэ ертөнцөд морилон ирэх жаахан хүүхдүүдийн төлөө дарстай хундагаа өндөрт өргөж, нэгэн ерөөлийг бие биедээ дамжуулна. Бид хүссэн ч эс хүссэн ч энэ ертөнцийн наран эргэдгээрээ эргэдэг, бас жаргадагаараа жаргадаг.

Өглөөний нар манддагаараа мандаж, үдшийн нар жаргадагаараа жаргана, энэ бол ертөнцийн хэн ч өөрчилж чадахгүй хэмнэл. Өнөөдөр бүх зүйл болдогоороо болж өнгөрнө, юуг ч өөрчлөхгүй. Энэ л үедээ маргаашийн тухай заавал бодож бай. Эргэцүүлж маргааш юу хийж чадах, юунд хүрч болох тухай заавал бодож бай. Өнөөдрийн энэ амар амгалан амьдрал хэвээрээ үргэлжилж чадах уу? гэж өөрөөсөө асуу. Маргааш надад хэцүү бэрх зовлон тохиолдвол давж чадах уу? гэж эргэцүүл. Маргааш гэдэг ирж яваа цаг. Магад бидэнд юу авч ирэхийг таах ч аргагүй. Зовлон жаргал ээлжилдэг хорвоод юу ч эс тохиолдох билээ. Зорьж зүтгэж яваа үйлс бүхэн бүтэмжтэй байхыг хүн болгон л хүсдэг. Түүний төлөө юу хийж болохоо эргэцүүлж нэг тунгаах хэрэгтэй. Алдаа оноо гэдэг хүний мөн чанарыг шалгадаг шалгуур.

Амраг хайрт, анд нөхөдтэйгээ энэ хэвээрээ байж чадах эсэх нь энэ л хэмжүүр. Аав ээждээ ачлалт үр нь хэвээрээ үлдэх эсэх нь энэ л амьдралын хэмнэл. Бид өнөөдрөөр амьдарч чадаж байгаа юм чинь үргэлж маргаашийн тухай бодож байх хэрэгтэй мэт. Учир нь тэр ирж яваа цаг.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.