Хятадууд эмийн сан, хүнсний дэлгүүрүүдийн лангууг хоосолжээ

Twitter Print
2022 оны 12-р сар 15-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногоос БНХАУ цар тахлын эсрэг арга хэмжээнүүдээ сулруулсантай холбоотойгоор тус улсын иргэд өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй эмнүүд, ханиадны эм, коронавирус илрүүлэх оношлуур зэргийг ихээр худалдан авах болжээ.

Хятадын цахим дэлгүүрүүдэд C амин дэмээр баялаг гэгддэг нимбэг, нөөшилсөн тоор, эрдэст ус зэрэг бараа бүтээгдэхүүн дууссан байна.

Цар тахлын эхэнд үед хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ихээр авч, нөөцөлж байсан үзэгдэл улс орнуудад гарч байсан ч цар тахлын эсрэг арга хэмжээг сулруулсантай холбоотойгоор гарч байгаа нь анхны тохиолдол юм.

Хятадын эрх баригчид иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах аппликэйшнээ хааж, халдвар авсан иргэдийг гэртээ тусгаарлахыг зөвшөөрч, иргэд өөрсдөө коронавирус илрүүлэх оношлуураар бие даан гэртээ шинжилгээ хийж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд өвлийн улиралд бэлдэн ханиадны эм тан ихээр худалдан авах болсон байна.

Орон нутгийн удирдлагууд халдварын давалгаанд бэлтгэн, энэ сарын сүүл гэхэд эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгуудынхаа орны тоог нэмэгдүүлэх, ханиад томууны шинж тэмдэг илэрсэн иргэдийг хүлээн авах эмнэлгүүд нээхээр болжээ.

Хятадын зарим хотуудад эмнэлгүүдийн ачаалал хэдийн нэмэгдсэн мэдээ мэдээлэл байгаа бөгөөд Хятадын нийгмийн сүлжээнд эмнэлэг дүүрсэн учраас иргэд гадаа машиндаа дусал тариа хийлгэж байгаа бичлэг тархжээ.

China Daily сонин өвдөлт намдаах эмнүүд, витамин, ханиадны эмнүүдийн эрэлт огцом өссөнийг онцолсон бол хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүдэд эмийн сангуудын лангуу хоосорсон байгааг харуулсан дүрс бичлэгүүд тавигджээ. Түүнчлэн эмийн үйлдвэрүүд эрэлтээ хангахын тулд бүх хүчин чадлаараа ажиллаж байгааг онцолсон байна.

Гуаньжоу хотын захиргаанаас иргэдэд худалдан авалтаа зөв зохистой хийхийг уриалсан мэдэгдэл хүртэл гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Global Times сонинд бичсэнээрцар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг сулруулсны дараагаар коронавирус илрүүлэх оношлогооны эрэлт 300 гаруй хувиар нэмэгдсэн ба цахим дэлгүүрүүдээр борлуулагдаж байсан оношлуурууд маш богино хугацаанд зарагдаж дууссан байна.

Түүнээс гадна нимбэг, нимбэгний амттай цай, чихэр, ус, C амин дэмээр баялаг гэгддэг нөөшилсөн тоор жимс зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг иргэд ихээр худалдан авч, дэлгүүрүүдийн лангууг хоосолжээ. Sina News сонинд бичсэнээр нөөшилсөн шар тоор нь коронавирусын халдварын шинж тэмдгүүдийг намдаадаг гэсэн яриа Хятадын нийгмийн сүлжээгээр тархсан нь уг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхэд хүргэжээ.

Нөгөөтэйгүүр эмч нар иргэдийн C амин дэмийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, тоор их хэмжээгээр идсэнээр ханиалга нэмэгдэнэ гэдгийг анхааруулсаар байна.

Хятадын нийгмийн сүлжээгээр эрдэст ус нь халуурах үед алдсан шингэнийг нөхнө, коронавирусыг "устгах"-ын тулд архи уувал сайн зэрэг мэдээллүүд ихээр нийтлэгдэж байгаа ба эмч иргэдийг дураараа эмчилгээ хийхгүй байх, эмнүүд хольж, ихээр хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байна.

Хятадын Хүнс, унд хариуцсан агентлагийн зүгээс эмийн үйлдвэрүүдэд коронавирусын халдварын үед хэрэглэх эм тарианы үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Түүнчлэн бол олны танил хүмүүсийн сурталчилсан эм тариаг авахгүй байх, зөвхөн найдвартай эх үүсвэрээс баталгаатай бүтээгдэхүүн авахыг анхааруулжээ.

Ухань хотод архаг хууч өвчтэй ахмад иргэдэд коронавирусын халдварын үед уух эм, хоолойны сироп, коронавирус илрүүлэх оношлуур зэрэг багтсан багцыг тарааж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.