Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр

Twitter Print
2016 оны 02-р сар 03-нд 20:10 цагт
Мэдээний зураг,

Гурван эрдэнэд итгэмүй

Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнүүс ийн асууруун.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
 - Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
 - Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? гэвэл 
 - Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
 Ямар юм олон бэ? гэхэд
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
 Юу сайхан бэ? гэхэд 
 - Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой бэ? гэхэд
 - Өст сэтгэл хортой гэв.
 Юу худал вэ? гэхэд
 - Энэ нас худал гэв
Юу үнэн бэ? гэхэд
 - Гурван эрдэнэ үнэн гэв.
 Юу муу вэ ? гэвэл
 - Хүний номгүй нь муу гэв
Юу сайн бэ? гэхэд 
 - Чин зориг сайн гэв
 - Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд
 - Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх шимшрэх мэт бөлгөө.
Бурхныг шүтсээр сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагатай ханилсаар (байсаар байж) сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов огоорно.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ болов үнэлнэ.
Зохилдвол адтай ч болов нөхцөнө.


Аяа бас,
Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.


Аяа бас,
Шавь хүн багшийг үл ойшооно. 
Хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн хүн эхийн сургаалыг үл дагана.
Шавь хүн багшаас илүү ноёдыг хүндлэнэ.
Хөвгүүн хураахаас илүү тараахыг үйлдэнэ.
Хүүхүн хүн эцэг эхээс илүү эрийг хүдлэнэ.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Мунагсад нь далд орохыг хүснэ.


Аяа бас,
Үйлийг ( буян, нүгэлийн) өр мэт үл нягтлана.
Номын самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг ундааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгалана.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах бол уул мэт боловч чамлана.
Өгөх бол нэг цэн ч болов харамлана.
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшинэ.
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна.
Энэрэгч багшийг дуудавч зайлна.
Чөлөөгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байв ч авралын оронд мөргөхөөр үл явна.
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ.
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжлэнэ.
Үнэн үгтэн омогтны тоонд орно.
БАшир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана.
Эв эвдрэхийг үл хайрлана.
Салалцаад гаслалцана.
Учралдаад хууралцана.
Хүний муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна.


Аяа бас,
Тусын хариуд хорлох хүн олон.
Ачийн хариуг мэдэх хүн цөөн.
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон.
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн.
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон.
Жаргалы хүсэвч сайн явах хүн цөөн.
Зусар үг хэлбэл баярлагчид олон.
Гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн.
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон.
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн.


Аяа бас,
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Саданд учрахын хамт дайсныг даллана.
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ.
Үнэн үг хэлэхийн хамт худлаар чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.


Аяа бас, 
Хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлийг үл санана.
Атхаггүй амар сууж үл чадна.
Алагчлалгүй шудрага явж үл чадна.
Муу үйл үйлдээд үл гүмшигчид олон.
Сайн явдлаар яваад баярлагчид цөөн.


Аяа бас,
Хүндлэлийг янба гэнэ.
Ёосыг алба гэнэ.
Ихэстэй учирвал зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирвал хуурахыг бодно.

Энэ цагийн хүний бодол гэвэл,
Цайруу явбал хүний гарт орно.
Хардаж явбал муу үйл арвидана.
Шудрага явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно.
Дуугүй номхон суувал толгой дээр гарна.
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.

Гуйж хэлбэл эрэмшинэ.
Ширүүн хэлбэл доордоно.
Үнэн хэлбэл ойшоохгүй болно.
Худал хэлбэл хүндгүй болно.
Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ.
Ганцаар шийдвэл зөрүүд болно.
Ойр суувал явдлаас зайлна.
Хол явбал орхив гэж тунина.
Олон үг хэлбэл чалчаа гэнэ.
Дуугүй суувал ихэмсэг болно.
Хянаж хэлбэл хайртай хэмээнэ.
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно.
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.
Эвлэвэл хардана.
Эвдэрвэл гомдоно.

Аяа бас,
Өөрөө муу яваад бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад сэдрэг эрмшинэ.
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.

Энэ цагийн
 Алаглагч ноёд,
Авилгач түшмэд,
ХАриу бодогч өглөгийн эзэд,
Тэмцэлдэгч ардаас эхлэн
Суудлын төлөө олох нэр,
Эдийн төлөө номлох ном,
Алдрын төлөө үйлдэх буян,
Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөө үйлдээд 
Цагийг муу гэнэ.

Товчилбол:
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж,
Мунхагийн харанхуйд тачаангуйгаар согтож,
Урины мэсийг барин,
Омгоор түлэгдэж,
Атаагаар агсамнаж,
Зовлонгийн эвэршээлд эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий.

Шим үгүй энэ насны хавцгайд
Авралын чгтага тасраад,
Авах гээхийн нүд тэсэрсэн,
Амьтан бүгд хөөрхий.
Ихсээс маятрах,
Багад дээрэлхэх
Ичгүүргүй амьтан хөөрхий.

Даарвал хувцас,
ХАлууцвал сүүдэр,
Өлсвөл хоол,
ЦАнгавал унд,
Зүдэрвэл нойрны төдий,
өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.

Гаслант муу заяанаас гараад,
Гайхамшигт хүмүүн биейиг олчихоод.
Энэ мэт үйлийн үрийг
Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв.

Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув.
 - Аяа энэ мэт муу цагт үнэнийг санагч хүн ямараар явбал зохих вэ?

Нисгэгч хүн өгүүлрүүн:
 - Нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Багш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.
Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхц.
Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү ярь.
Бурхнаас илүү аврагч үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд.
Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ.
Хуврагаас илүү өмөг үгүй тул
Хүндлээд гэм бүү эр.
Манийг хорлогч нисванис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь

Тэр хүн бас ийн асууруун:
 - Сургаал хэрэгтэй хүн ямар вэ? хэрэггүй хүн ямар вэ?

Нисгэгч хүн өгүүлрүүн:
 - Үл мэдэгч ухаангүү хүнд сургаал хэрэггүй.
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургал хэрэггүй.
Үзсэний дараа мартаж орхидог хүнд сургаал хэрэггүй.

Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй.
Ихэс мэргэдээс дутагч хүнд сургаал хэрэггүй.
Элдэв башир нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
Их суудлыг хүсч нэрлэхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ хойт хоёр явдлын эцсийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй.
Учрыг уахах ухаантай хүнд сургаал хэрэгтэй.
Үнэнийг баригч шудрага хүнд сургаал хэрэгтэй.
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.
Очирдар багшийн зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Үхэх, өвдөхийн зовлонг сэрэмжлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үлэмж дээдийн номыг дээдлэгч хүнд сургааал хэрэгтэй.
 Сургагч нь :
Зоргоор бус, үнэнээр бол сургаж болно.
Зовлонт үйлээс зайлуулагч бол сургаж болно.
Өөрөө эс мэдэвч дээдсийн зарлигтай бол сургаж болно.
Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно.

Тэр хүн:
Тийм бол
Надад мэдэхэд хялбар,
Хийхэд хялбвар,
Явахад амар,
Санахада томъёотой
Нэгэн сургаал айлдаж харлана уу?
Гадна биеийн явдал,
Дотоод хэлний үйл,
Нууц сэтгэлийн чиг байдлыг ямар мэт явах вэ?
Гадаад амьны аж төрөл,
Дотоод их, бага төрийн явдал,
Нууц дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах вэ?
Жаргах цагт санах санаа,
Зовох цагт хатамжлах сэтгэлийг 
надад айлдаж хайрла.

Нисгэгч хүн ийн өгүүлрүүн:
 - Гадаад биеийн явдал гэвэл,
Ёстныг хүндэл.
Настныг баярлуул.
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Саданг бүү эр.
Олон бүү арилж.
Огт бүү харамла.
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг талгүй бүү гайхуул.

Хэлний өгүүлэх хэмээвэл:
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж мог бүү үүсгэ.
Хэлбийж олон янз бүү урав.
Саваагүй тохуун үг бүү хэл.
Санамсаргүй олхио үг бүү хэл.
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггсүй үг бүү зөө.
Хуурай хоосон амлаж бүү суу.

Сэтгэлийн чиг гэвэл,
Шинжлэлгүй бүү сэтгэ.
Сэрэмжгүй бүү цалгайр.
Гэнэт нөхөрт бүү итгэ.
Гэнэдэж хүнээс бүү урьд.
Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юманд бүү шуна.
Бузгай сээрэнгүйг бүү үүсгэ.
Бузар хилэнцийг бүү тарь.
Завгүй гэж бүү алгасар.
Чадалгүй байж бүү дуурай.
Магад дээдсдийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү хөөцөлд.
Салах учрахад бүү гомд.
Буянтай санаанаас бүү холд.
Бодь сэтгэлийг бүү умарт.

Нийтэд нь товчлон хураавал:
Өгвөл эд мөн.
Сахивал санваар мөн.
Хүлцвэл хуяг мөн.
Хичээвэл мөр мөн.
Эс мартвал бясалгал мөн.
Мэдвэл билиг мөн.

Мунхаг хүнийг оролдвол
Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутах болно.
Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
Гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбэл
Аюул болох тул улмаар ухуул.
Омогтой хүнийг дарлавал
Хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл
Хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөл
Гомдох тул сайхан загна.
Харамч хүн ширхэг утсыг ч болов
Харамлах тул арилжаа бүү хий.
Ховч хүнтэй хэлэлцвэл
Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.
Их хүнд нүүр эс засвал
Өмөггүй болох тул ёсын төдий хүндэл.
Боол хүнийг эс баярлуулбал
Явдал хождох тул бага сага юм өг.

Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Новсоргон бүү загна.
Олноос зөвш.
Онц өөрийн санааг сүүлд гарга.
Хэлбэл бүү буц.
Санавал бүү март.
Хүнийг нүүрчилж
Хэргийг буруу болго.
Хүнд чиггүй загнаж
Сайхан зангүй бүү суу.

Эд хэмээвэл ертөнцийбн ёсны сургаал
Эдүгээ номын ёсны сургаал гэвэл.

Биеийг тороос алдуурсан шувуу мэт
Аглагийг шүт.
Хэлний үгийг хүвийн зангиа мэт
Алдралтгүй боо.
Урьдын хийсэн хилэнцээс 
Хор уусан мэт хашир.
Магад гарах буянт сэтгэлийг
Амь мэт энхрийл.
Хилэнцэт нөхрөөс
Аврага могой үзсэн мэт зайл.
Буяны саданг
Өөрийн толгой мэт өрөг.
Сэтгэлийн эрдмийг
Яст мэлхийн гишүүн мэт нуу.
Усгал зөөлөн занг
Мөрний урсгал мэт ундраа.
Чин зориг хичээнгүйг
Буугийн сум мэт чиглүүл.
Гурван эрдэнийн үйлсд
Морь нохой мэт зургэ.
Олон амьтанд
Сал онгоц мэт боол сэтгэлийг барь
Тангараг сахил хоёрыг
Шил толь мэт хайрла.
Өөрийн гэмийг 
Салхи мэт алдаршуул.
Зөв бол 
Бүхэнд дайсан ч бол үйлд.
Буруу бол 
Хааны суудалд суулгавч зайл.
Буян болох бол
Хилэнц мэт боловч үйлд.
Хилэнц болох бол
Буян мэт боловч тэвч.
Үлгэрлэвэл,
Хүнтэй адил боловч
Ороолон бол бүү учир.
Галзуутай адил загнавч
Дээдэс төрлөхтөн бол шүт.
Түүнчлэн,
Билиг буй бөгөөс
Эрдэм үл болох зүйл нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс
Адис үл гарах юм нэг ч үгүй.
Хичээнгүй буй бөгөөс
Үл бүтэх юм нэг ч үгүй.
Бодь сэтгэл буй бөгөөс
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй.

Тэр цагт,
 - Билигтэй бол юм бүгд эрдэм болохын учир ю вэ ? хэмээсэнд
Үлгэрлэвэл,
Чулуун хор эмч хүнд эм,
Таарах өвчин рашаан,
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг нь авах юм бол өчүүхэн юм ч
Их эрдэм болох нь олон.
Хорхой тэжээж авсан шүлс
Магнаг болохыг үз.
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь сэтгэл дөрөв
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв.
Товчийн төдий өгүлбэл:
Сүсэггүй бол бурхныг шүтэж үл чадна.
Бурхныг шүтэж эс чадвал
Зарлигийг дагаж үл чадна.
Зарлигийг эс дагавал
Ишийн эрдэмийг үл олно.
Түүнийг үл олбол
Онол төрөхгүй.
Тэр хоёр үгүй бол
Авах, гээхийн алин ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бол
Туурвусан үйл хэрэггүй өнгөрнө.
Бодь сэтгэлтэй хүн
Нялх боловч олныг эзэмдэнэ.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүххтэй ч дайсныг аривтагана.

Хайртай гэгч нь дотуурчлахын нэр.
Хилэгнэх гэгч нь урины нэр.
Жаргах гэгч нь нойрын нэр.
Их хурц гэгч нь окгийн нэр.
Харилгах гэгч нь атааны нэр.
Үгийг урвуулж хэлбэл
Мөн чанар нь таван хорын нэр бий.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага боловч туслахын шалтгаан.
Гал бага боловч түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол боловч хорлохын шалтгаан.
Бусдын өргөмлөх үгэнд хөөрөлгүй
Насад өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн, муу хоырыг сэтгэлээс таньдаг.
Тус, хор хоёрыг үйлдэлээс таньдаг.
Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог.
Жаргал, зовлон хоёр өөрийн үйлээс болдог тул
Зориг шантралгүй
Буянтай сэтгэлийг хадгалвал
Үхэвч санаа амар буй.

Тэр цагт нөгөө хүн:
 - Товч нь юу вэ? хэмээсэнд

Нисгэгч хүн өгүүлрүүн
 - Аврал бүгдийн товч багш мөн.
Сахил бүгдийн товч сэрэмж мөн.
Үзэл бүгдийн товч хоосон чанар мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг ариусгах мөн.
Таван махбод бүгд
Огторгуйн махбодод хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Дурлаж мэдвэл сансар, нирваан бүгд
Сэтгэлийн чанараас үл давна.

Ү;гэрлэвэл,
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидвал шороо болно.
Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно.
Мана арвидвал үүл болно.
Туупуй арвидвал балгад болно.
Түүнчлэн биегүй хоосон сэтгэл
Буруудвал нисванис болно.
Нисванис арвидвал там боловсроно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон.
Хэмээн өгүүлэхийн агаарт зүүд замхарваа.

Сайн муу, үнэн худал үгсийг наадмын төдий бичсэн 
Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээгдэх төгсөв.
Ум сайн амгалан болтугай

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.