
Сөүлийн Итэвон дүүрэгт шахцалдаан үүсэж, олон хүний амь үрэгдсэн осол гарахаас хэдэн цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 18 цаг 34 минутанд цагдаагийн 112 дугаарт Итэвонд хүмүүс шахцалдаж, эмх замбараагүй байдал үүсэж буй талаарх анхны дуудлага иржээ.
Дуудлага өгсөн иргэн Итэвон дүүргийн гол гудамжинд байгаагаа хэлж, Хамилтон зочид буудлын дэргэдэх нарийн гудамжинд хүмүүс шахцалдаж, аюултай харагдаж буй тухай мэдэгджээ. Тэрээр, "Энэ гудамж маш аюултай харагдаж байна. Гудамжны хоёр талаас хүмүүс шахаад дунд нь байгаа хүмүүс наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихсон байна. Би арай гэж гарч ирлээ. Хэтэрхий олон хүн байна. Цагдаа нар үүнийг зохицуулах хэрэгтэй байхаа." хэмээн дуудлага өгчээ.
Дуудлага хүлээн авсан цагдаа түүнээс хүмүүс дарагдах, томоохон хэмжээний осол болох магадлалтай гэсэн үг үү хэмээн асуухад дуудлага өгсөн иргэн тийм хэмээн хариулжээ. Тухайн иргэний дуудлагаас хойш 3 цагийн хугацаанд Итэвон дахь эмх замбараагүй байдалтай холбоотой 10 гаруй дуудлага цагдаад ирсэн аж.
Гэсэн хэдий ч өнгөрсөн бямба гарагийн орой Итэвон дүүрэгт эмх журам тогтоох цагдаагийн албан хаагчдын тоо хангалтгүй байсныг гэрчүүд онцолж байна.
Өнгөрсөн мягмар гарагт БНСУ-ын Цагдаагийн газрын дарга хийсэн мэдэгдэлдээ цагдаагийн газар осол гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Осол гарахаас өмнө 10-р сарын 26-нд Итэвон дүүргийн цагдаагийн газар, Итэвон метроны буудлын дарга болон тус дүүрэгт худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн холбоо хамтарсан уулзалт зохион байгуулжээ.
Дүүргийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр уулзалтын үеэр коронавирусын цар тахлын эсрэг арга хэмжээ, хоол хүнсний эрүүл ахуйн шалгалт, метроны буудлуудын аюулгүй байдал, цэвэрлэгээ зэрэг асуудлуудыг хөнджээ.
Тус уулзалтын үеэр олон хүн цугларсан тохиолдолд хэрхэн эмх журмыг хангах тухай асуудлыг хөндсөн гэх баримт нотолгоо байхгүй байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар нарийхан гудамж байсан нь хүмүүсийн хөдөлгөөн гацах үндэслэл болж, гудамж налуу байсан, мөн шахцалдаж буй хүмүүсийн зарим нь газарт унаж, шахцалдаанаас гарах гэж оролдон бүгд өөр өөр тийш зүтгэж байсан зэрэг нь олон хүний амийг авч одох осол гарах шалтгаан болжээ.
1 метр. кв талбайд 5 - аас олон хүн байхыг аюултай гэж үздэг бол осол гарсан гудамжинд 1м.кв талбайд 10 гаруй хүн зогсож байжээ.
Түүнчлэн албаны хүмүүс болон шинжээчид тухайн нарийн гудамжнаас холгүй Итэвон метроны буудал байрлаж байсан нь хөл хөдөлгөөн нэмэгдэж, шахцалдаан үүсэх болсон нэг шалтгаан гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.73.69) 2022-11-02 16:28Ямар хэцүү юм бэ!
Хариулах