
Польш, Унгар хоёр улс газар тариалангийн салбараа дэмжих зорилгоор хөрш Украинаас үр тариа болон хүнсний зарим нэг бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглож байгаагаа өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.
Киев Польшийн эрх баригчдын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлэн, "нэг талыг барьсан шийдвэр нь нөхцөл байдлыг эергээр шийдэх хөшүүрэг болж чадахгүй" гэдгийг онцолжээ.
ОХУ Украин руу довтолсны дараагаар Хар тэнгисийн боомтуудын үйл ажиллагаа зогссоноос болж Украины их хэмжээний үр тариа тээвэрлэлтийн асуудлаас болж Төв Европын улс орнуудад гацсан юм. Украины үр тариа, хүнсний зарим бараа бүтээгдэхүүн нь Европын холбооны улс орнуудынхаас хямд үнэтэй байгаа нь орон нутгийн үйлдвэрүүдэд нөлөөлжээ.
Зүүн Европын 5 улс өнгөрсөн сард Европын холбооны зөвлөлд бичсэн захидалдаа борлуулалтанд байгаа үр тариа, өндөг, мах, элсэн чихрийн хэмжээ урьд хожид байгаагүйгээрээ нэмэгдсэн тийм ч учраас Украины импортын үр тариа, зарим бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бичжээ.
Үр тариа, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэт ихэссэн нь Польшийн эрх баригч Хууль ба Шудрага ёс намын хувьд "толгойн өвчин" болоод байна.
Тус намын тэргүүн Ярослав Качински намын хурлын үеэр Польшийн засгийн газар Украины үр тариа, хэдэн арван бараа бүтээгдэхүүний импортонд хориг тавьж буй тухай мэдэгджээ.
Украины Хөдөө аж ахуйн бодлого, Хүнсний яам Польшийн засгийн газрын шийдвэр хоёр улсын байгуулсан худалдааны гэрээг зөрчиж байгаөг онцолж, асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэхийг уриалж, "Польшийн фермерүүд хэцүү нөхцөлтэй тулгараад байгааг бид ойлгож байна, гэхдээ Украины фермерүүд бүр ч хүнд нөхцөлд байгаа шүү дээ." хэмээн мэдэгджээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газар Польшийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, Украины импорт орон нутгийн фермерүүдэд хүнд туссан гэжээ.
Унгарын талын Украины импортын үр тариа, бараа бүтээгдэхүүнд тавьсан хориг хэзээнээс үйлчилж эхлэх нь тодорхойгүй байгаа ч хориг ирэх 6-р сарын сүүлээр эцэс болно гэжээ.
Ярослав Качински, "Польшийн тал Украины найз нөхөр, түнш хэвээр байгаа, мөн Польш улс Киевийг дэмжиж ирсэн, дэмжсээр байх болно. Гэхдээ ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах нь аль ч улсын, сайн удирдагчийн үүрэг билээ." хэмээн онцлон, Польшийн тал Украинтай гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.