
Хэн хүнгүй л хол ойргүй аялж, эх орныхоо бишрэм бахдам болгоноор нүд хужирлан, сэтгэл ханан тэнийсэн хур борооны даллага, хар ногоон зуны туйл болсон өгөөж дэлгэр энэ долдугаар сар юу юугүй ингээд л шувтрах нь. Зуны гурван сар сайхан, тэр тусмаа энэ долдугаар сар бүр ч гойд байлаа. Ангаж онгож, эгшиж хуурайшсан говийн хэдэн аймгийн олон сумдын газар нутаг, хөрс шороо энэ сарын хур бороонд аарц шиг дэвтэж, олны хэлээр хотойвол ногоо, хонхойвол нуур болж буй нь юутай аятай вэ!
“Нүүдэл хийлгүй нутагтаа өвөлжих жил болох нь”, “бороо орсноос хойш инээд л хүрээд байдаг болчихлоо”, “хүний сэтгэл сэргэж, амьтны зоо ч тэнийлээ дээ” гэх сэтгэл ивлэгэсэн үгсийг Мандалговиороо ороод ирэхийн төдийд сонсоод авна гэдэг хувьтай золтой л санагдаж байлаа.
Аргагүй дээ, хаваржингаа хавсрага нүдэж, хүн малгүй зутарч гүйцээд, хол хөлийн нүүдэл хийсэн малчдад нутагт нь бороо орж, ган тайлах шиг үнэтэй юм гэж үгүй. Өмнөговь аймгийн зарим сумдаар 68 мм, Дундговийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай зэрэг сумдаар 36 мм бороо бороо орсон гэнэ. Борооны чийгийг мэдье гэвэл ухаж үзэхээс наашгүй. Хуруу чийг, дөрвөн хуруу чийг, сайн төө чийг, мухар тохой чийг, хичнээн ухаад хуурай шороо гарч ирээгүй гэх зэргээр хууччуул хур бороо хэр орж, ямар чийг тогтсоныг тоймлож байдаг сан.
Цасны зузаан илхэн байдаг болохоор нүдээр баримжаалсан ч төлөөгүй. Бороог миллиметрээр хэмжээд байгааг цасны зузаантай харьцуулж үзвэл, 68 мм бороо оржээ гэдэг нь өвөлсөн бол 68 см цас тогтжээ гэсэн үг. Дундговийн Сайхан-Овоод 36 мм бороо орсон гэвэл, 36 см буюу мухар тохой цас ороод бүрэн хайлахын дайны л ус говь хээрийн тэр хөрснөө шингэжээ. Манай говь, тал хээр нутаг борооны хөлөөр сэргэх нь үнэндээ амархан. Амьтан хүний ч бараагүй, алдуул салхи л хонгио үлээх шиг исгэрч, наранд шарагдан зэгэлтэж байсан нөгөө гунигтайхан өнгө төрх бороо орсны маргааш л гэхэд онхи өөр болно. Тэгж л сэргэж байна билээ дээ, манай Дундговиор лав.
Хэмжээт хугацаатай болгон нэг л агшинаа дуусдаг. Долдугаар сар хичнээн сайхан байлаа гээд одоо хэдхэн хоногийн дараа шувтарна. Араас нь наймдугаар сар залгана. Найман сар хичнээн дуниартаж, найр наадам хичнээн үргэлжлэвч, наашилж яваа цагийн угтал биш, цаашилж яваа цагийн заллага.
Зон олон минь хур бороо шаагисан, аагисан энэ зуны ааганд бахдан баясахын хамт хүн төрөлхтний бодож олж, бүтээж бий болгосон аугаа их үйл явдал -бахдал баяслын оргил, бас ялалт ялагдлын учиг болсон Олимпын наадмыг бололцоотой бүхий л арга хэлбэрээр үзээд завгүй. Улс орноосоо шалгарч очсон манай тамирчид бахдам амжилт үзүүлсээр л байна, цаашид ч Уранцэцэг шиг медальтнууд төрж, Монгол Улс, үндэстэн олныхоо баяр бахдлыг төрүүлэх биз.
Олимпын наадамд оролцох эрх олж авахдаа тамирчин хүний нулимс гарах дөхдөг бол хорин нас, хонгор зүс, өндөр гоолиг уяхан туяхан биеэрээ өнөө цагийн спортын ертөнцийн гоо сайхны оргил манлайн нэгэн хэмээн ид яригдаж, шидтэй юм шиг шагшигдаж яваа Дарья Белодед хэмээх бүсгүйд харин Олимпын хүрэл медаль цөхрөл мэт санагдаж, бүр ялагдчихсан бол бүүр хамаагүй дээр хэмээн санагджээ. Ямар үгээр охиныхоо урмыг нь сэргээж, цог залийг нь бадрааж, тайтгарал тайвшралыг нь төрүүлж, ялалт бүхнийг нь ямагт утга учиртай болгодог ээж нь харин, -Миний охин ээжийнхээ төлөө л тэр хүрэл медалийг нь хүртчихээрэй хэмээн хэлээд татами дээр гаргажээ. Алт л нэгэнт авч чадахаа өнгөрснөөс хойш, ялагдчихъя байз гэж бүр шийдчихсэн явсан охин ээжийнхээ сэтгэлийг л бодож, Олимпын анхны хүрэл медалиа гунигийн нулимстай нүдээр угтан зүүжээ.
Дарья Белодедийн хувьд бараг л зөв гэж ойлгож болохоор учир шалтгаан. Тэр бол өөрийн шүтэн биширдэг олимпын таван медальт, дэлхийн долоон удаагийн аварга Тани Рёкогийн дэргэд амжилт нь дөнгөж эхэлж яваа хорин настан ч гэлээ энэ цагийн даанч ялагдашгүй гэмээр энгүй аварга. “Зургаан настайгаас минь ээж минь дасгалжуулсан, 11 настайгаас минь аав минь залгаад дасгалжуулсан. Ээжтэйгээ тэмцээнд яваад бүр сурчихсан. Миний ёстой шүтээн бол миний аав.” Дарья Белодедийн аав, ээж нь хоёулаа жудочид. Ээж нь цагтаа ЗХУ-ын залуучуудын аварга болж байсан бол, аав нь Европын хоёр удаагийн аварга алдартай тамирчид. Тийм л цуутай хүмүүсийн охин цуцашгүй хөдөлмөрийнх нь үр жимс болон боловсорч, хамгийн залуудаа дэлхийн аварга болсон түүхтэй.
Дэлхийн хошой аварга, Европ тивийн хошой аварга, алдар гавъяаны эзэн хорин настай гоо бүсгүйд урилга заллага, гуйлт магтаал тасардаггүй гэдэг. “мэндэлж ч үзээгүй, уулзаж ч байгаагүй зарим хүмүүс алив, танилцъя ч гэх шиг, эхнэр минь болоодох ч гэх шиг, би бүр гайхдаг. Ямар ч алдартай байсан яасан шулуухан хүмүүс вэ. Бас дэлхийн аварга болсны дараагаар АНУ, Япон зэрэг орноос ганцхан тулааны төлөө 150 доллар бүр цааш нь өдий төдий мөнгө амлаж ч байсан. Биеэ би мөнгөний төлөө үрэхэд бэлэн биш байна. Эрүүл мэндээ бодож, нэг их удаан барилдахгүй. Амьдралд аливаа юмыг солих л болдог, спортын хажуугаар өөр юм эрхэлж л таарна. Миний хувьд, өөрийнхөө спортын замналд 25 насаар л хэмжээ тавимаар байна” гэдэг олимпын хүрлийг чамлаж, алтыг мөрөөдөж яваа спортын ертөнцийн өнөө цагийн үнэхээрийн тод нэгэн од Дарья Белодед цаашид хэрхэхийг бас л нөгөө бүхнийг эрхшээгч цаг хугацаа, түүний өргөн талбар амьдрал л шийднэ дээ. Италийн жудоч, олимпын аварга, энэ наадамд 73 кг-ын жинд зодоглож буй Фабио Базиле, Украйны алдарт хөл бөмбөгчин Денис Попов зэрэг энэ цагийн цуутангууд өөрийн нас ойролцоо залуустай уулзлаа, болзлоо л гэж хэвлэлээр шуугиулдаг алдарт бүсгүй амттаны үйлдвэр эрхлэн аж төрөх дуртай юм гэнэ билээ.
Бахдаж уйлж тосдог медалийг өнгө нь арай л биш байна хэмээн цухалдаж урвайж гардана гэдэг хүчээ бүрэн таньсан энэ цагийн босоо нэгэн аваргын онцгой гэхээр шинж биз дээ!
Хэдийгээр өвчин тахлын айдас тархалт арилаагүй ч Токиогийн зуны олимп өрсөлдөөн дүүрэн, өргөн дэлгэр болж байгаа бололтой. Түүний нэгээхэн гэрч гэмээр тохиол гэвэл 147 км-ийн эмэгтэй дугуйчдын уралдаанд Данийн дугуйчин бүсгүй бариа руу түрүүллээ хэмээн өөрийгөө бодож, жинхэнэ ялагчийн баяр бах дүүрэн орж иржээ. Гэтэл сүүлийн дугуйчнаасаа дөчөөд км хол зайтай тасарч орж ирсэн Австрийн дугуйчин аль хэдийнээ аваргын мөрөөдлөө биелүүлчихсэн, амарчихсан тосч авчээ.
Өдөр болгон үзэх өрсөлдөөн, хүлээх сонин сайхнаар дүүрэн Токиогийн олимп үргэлжилсээр...
До.Чулуунбаатар
2021. 07. 26.