Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн рейтинг унажээ

Twitter Print
2021 оны 07-р сар 26-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн рейтинг 34 хувь болтлоо буурсан болохыг Японы Nikkei сонин, TV Tokyo сувгаас явуулсан судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн баасан болон бямба гарагт явуулсан санал асуулгад 18 ба түүнээс дээш насны 998 хүн оролцсон ба санөл асуулгын үр дүнд Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга болон түүний засгийн газрыг дэмжиж буй иргэдийн тоо өмнөх сарынхаас 9 хувиар буурч, 34 хувьд хүрчээ.

Ингэснээр Ёшихидэ Сугагийн рейтинг өнгөрсөн оны 9-р сард Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш хамгийн доод үзүүлэлтэнд хүрч байна. Санал асуулгад оролцогсдын 53 хувь нь Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн засгийн газарт удирдан манлайлах чадвар байхгүй байна шэж үзсэн бол 35 хувь нь Ерөнхий сайд Ёшихидэ Суга засгийн газар болон намаа муу удирдаж байна хэмээн үзжээ.

Түүнээс гадна оролцогсдын 65 орчим хувь нь Японд коронавирусын халдварын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай явагдаж байна хэмээн үзсэн байна. Япон улсын хувьд коронавирусын эсрэг вакцинд хүн амынх нь 23 орчим хувь нь хамрагдсан ба сүүлийн саруудад вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч энэ нь тус улсын хүн амыг коронавирусын халдвараас хамгаалахад хангалтгүй хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа билээ.

Түүнээс гадна Ерөнхий сайд Ёшихидэ Сугаг Токиогийн Олимпын наадмын зохион байгуулах явдлыг ард иргэдийнхээ эрүүл мэндээс дээгүүр тавьсан хэмээн буруушааж байгаа юм.

Санал асуулга нь Токиогийн Олимпын наадам эхэлснээс хойш 4 хоногийн дараа явагдсан ба Токиогийн Олимпын наадмын хэдэн 10 ажилчид, хэд хэдэн тамирчид коронавирусын халдвар авсан нь тогтоогдоод байгаа билээ.

Олимпын наадам явагдаж буй Токио хотод 8-р сарын 22 хүртэл онц байдлын дэглэм тогтоогоод байгаа ба Олимпын тэмцээн уралдаанууд гадаад дотоодын ямар ч үзэгчидгүй зохион байгуулагдаж байгаа юм.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.