Гуниггүй бүхний тэнд гунигт нүдэндээ би гэлмүүн харцыг чинь үзнэм...

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Бүх яруу найрагчдыг эмгэнэлт ба эмгэнэлт бус гэж хувааж болох юм. Тэгвэл эмгэнэлт гэгдсэн яруу найрагчид ихэвчлэн үнэний дуу хоолойг өгүүлдэг.

М.Цветаева ийм л яруу найрагч даруй мөн. Түүний бүх шүлгэн дундуур үнэний шалгуур ердөө л ганц дусал цус болж явдаг. Түүний яруу найраг нь мэдрэлийн системийн эс ширхэг бүрийн задрал, түүний үр жимс байдаг. Цветаева сэтгэлгээний яруу найрагч. Пушкины “Сэтгэх хийгээд шаналах” гэсэн томъёо түүнийг насан туршид нь дагажээ. “Шүлгийг нь уншихдаа би түүний амьд дуу хоолойг сонсож, мөр хооронд сэрвэлзэх амьсгааг нь мэдэрч, түүний дотоод зангаа дохиог хардаг юм” гэж яруу найрагч Е.Винокуров дурссан нь бий.

Цветаева тэр чигээрээ бичил сансар, бие даасан ертөнц. Түүний шүлэгнээс эр эм хүмүүний дуу адилхан сонсогдоно. Цветаева Пушкиний тухай Гоголь хэлсэнчлэн “Морио мэддэг араб шиг” хэлийг эзэмшсэн байлаа. “Толгойноос нь ч, сүүлнээс нь ч” хаанаас л бол хаанаас эхэлж, мөн хаа дуртай газраа төгсгөж чаддаг. М.Цветаевагийн яруу найрагт булгийн ундраа мэт чөлөөтэй айзам, бүжгийн хэмнэл, тэр дундаа орос ардын частушка бүжгийн хэмнэл, уйлаан, амьсгаа давхцуулсан ая хөг зэрэгцэж байснаа гэнэт гекзаметр хэмнэл болон хувирна. Сонгодог магтаал, гүн ухааны яриа нь наргиа үг, хүүхдийн шулганаантай зэрэгцэнэ. Тэрээр цогтой нүүрсийг алганаас алганд шидлэх шиг үгээр тоглох дуртай байв.

“Хоёр номноос” номынхоо өмнөтгөлд Цветаева: “Миний шүлгүүд бол миний өдрийн тэмдэглэл, миний яруу найраг бол хувийн бодол санаа. Бид бүгд өнгөрч одно. Тавин жилийн дараа бид цөм газрын хэвлийд шингэнэ. Мөнх тэнгэрийн дор шинэ нүүр царайс ирнэ. Бичицгээ, бүр ихийг бичицгээ! Хором бүрийг, хурууны зангаа, шүүрс алдалт бүхнийг шүүрэн авч үлдэцгээ! Зөвхөн хурууны зангааг ч биш түүний гаргасан гарын хэлбэрийг, шүүрс алдалтыг ч биш завсраас нь тэр хөнгөхөн нисэж гарсан уруулын хөдөлгөөнийг авч үлдэцгээ гэж амьд байгаа хүмүүст яаран хашхирмаар санагддаг.

Хэрэггүй юм гэж энэ хорвоо дээр нэгээхэн бээр ч үгүй! Таны нүдний өнгө, таны чийдэнгийн бүрхүүлийн өнгө, ханын цаасны тань хээ, хайртай бөгжин дээрх үнэт чулуун шигтгээ бүгдээр энэ агуу их ертөнцөд орхиж буй таны өчүүхнээс өчүүхэн зүрх сэтгэлийн ул мөр болон үлдэнэ” гэж бичсэн нь бий.

Диваажинд 

Дурлалын дурсамж дэндүү мөр даран тарчлааж
Диваажинд би тэсгэлгүй газрыг санагалзан уйлна.
Дахин чамтай учрах үес хуучин янаг үгсийг
Далдалж яахин чаднам би.

Гоо сахиулсан тэнгэрүүд бүжиглэн нисэлдэх тэнд,
Гурамсан хөгжим, сараана, сүмийн найрлын тэнд,
Гуниггүй бүхний тэнд гунигт нүдэндээ би
Гэлмүүн харцыг чинь үзнэм.

Гоёмсог диваажингийн явдлыг гунигтай мушийн үдэж
Голшиг уран охидын дунд – газрын би
Ганцаар харь, чамтай байснаа тэчъядан санаж
Газрын тухай гашуудан уйлна.

Дэндүү дурлалын дурсамжид мөр гудайн тарчилсаар
Дуусах мөч ирнэ – нулимсаа би нуухгүй.
Тэнд ч, энд ч - дахиад хаана ч учрахын хэрэггүй
Тэрхэн учирлын төлөө л диваажинд би төрөөгүй.

1911-1912

Орчуулсан: Дашийн Оюунчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.157) 2022-03-23 02:08
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах