Хондурас дипломат харилцаагаа тасалснаар 13 улс л Тайваньтай дипломат харилцаатай үлдлээ

Twitter Print
2023 оны 03-р сар 27-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Хондурас Тайваньтай тогтоосон олон арван жилийн дипломат харилцаагаа тасалж, Тайвань нь Хятадын газар нутгийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ.

Хондурасын Гадаад харилцааны сайд өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилж, Хондурасын Ерөнхийлөгч Сиомара Кастро Бээжинтэй дипломат харилцаа тогтооно хэмээн мэдэгдсэн билээ.

Төв Америкийн Хондурас улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалснаар Тайваньтай дипломат харилцаатай 13 улс л үлдээд байна.

Бээжин ардчилсан дэглэмтэй Тайванийг Хятадын нэг хэсэг, Тайвань нь тусгаар улсын адил бусад улс орнуудтай дипломат харилцаө тогтоох эрхгүй гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Тайваньтай дипломат харилцаатай байсан орнууд нэг нэгээрээ харилцаагаа тасалж, Бээжинтэй харилцаа тогтоохыг эрмэлзэх болсон билээ.

Бээжингийн мэдээлснээр Хятадын Гадаад харилцааны сайд Чин Ган, Хондурасын Гадаад харилцааны сайд Эдуардо Энрике Рейна нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсгээ зуралцсанаар Хондурас Тайваньтай 1940-өөд онд тогтоосон харилцаагаа дуусгавар болгожээ.

Тайванийн Гадаад харилцааны сайд Жозеф Ву Сиомара Кастрогийн засгийн газар Тайваньтай харилцаагаа таслахаасаа өмнө Тайваниас олон тэрбум ам.долларын тусламж хүссэн тухай мэдэгджээ.

Тайванийн Гадаад харилцааны сайдад энэ сард бичсэн захидалдаа Хондурасын Гадаад харилцааны сайд Эдуардо Энрике Рейна Тайваниас нийт 2.5 тэрбум ам.долларын тусламж хүссэнээс 2 тэрбумыг нь өрөө төлөхөд, эмнэлэг болон далан барихад зарцуулна гэсэн байжээ.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн ирэх лхагва гарагт АНУ, Гватемал болон Белиз улсад хийх айлчлалаа эхлэх ба айлчлалынхаа төгсгөлд Лос Анжелес хотноо Америкийн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзах аж.

Вашингтон Бээжин Төв Америк дахь нөлөөллөө нэмэгдүүлж байгаад зовниж байгаа ба Америкийн Төрийн департамент тусгаар улсынхаа хувиар Хондурас Тайваньтай харилцаагаа тасалж, Бээжинтэй харилцаа тогтоох шийдвэр гаргах эрхтэй ч "Бээжин амласнаа биелүүлэхгүй байх нь элбэг" гэдгийг анхааруулжээ.

Түүнчлэн Хондурасын шийдвэрийг үл харгалзан Вашингтон Тайваньтай харилцаагаа улам бэхжүүлсээр байх болно гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.