Д аминдэм хавдраас ч хамгаална

Twitter Print
2021 оны 02-р сар 28-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Заримдаа бид яг л шатахуун нь дууссан машин шиг урагш зүтгэх ямар ч хүчгүй болдог. Шалтгаангүйгээр ядарч сульдан, хамрын ханиаданд хүртэл “дарлуулах” нь олон.

Тэр үед Д аминдэм дутагдаж байна гэдгийг харамсалтай нь мэддэггүй. Ингэж итгэлтэй хэлж буйн гол шалтгаан нь монголчуудын 99 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна гэсэн судалгааны дүнд үндэслэсэн юм. Уг судалгааг Монголын эрүүл мэндийн үүсгэл буюу MHI-ийн судлаачдын баг хийжээ.

Зуны гурван сард Д аминдэмээ нөхчихнө гэж бодож явсан минь эндүүрэл байж. Хэдийгээр уг аминдэмийн 90 хувийг нарны гэрлээс, үлдсэнийг нь хоол хүнсээр дамжуулан авах боломжтой ч манай улс дэлхийн хойд өргөргийн 48 хэмд байрладаг. Ингэснээр нарны тусгал газрын гадаргууд шууд биш ташуу байдлаар тусдагаас бидний арьсан дахь Д аминдэмийн нийлэгжилт хангалтгүй байдаг аж. Далайн гаралтай бүтээгдэхүүн, хав, загас (яргай, хар, амар, туна зэрэг)-нд Д-гийн агууламж өндөр. Харин бид хоол хүнсэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн төдийлөн хэрэглэдэггүй учраас хэрэгцээт аминдэмээ авч чаддаггүй юм. Өөр нэг сонирхолтой жишээ нь бор арьстай хүн цагаан арьстай хүмүүсийг бодвол нарны хэт ягаан туяаг шингээх чадвар 10-50 хувь бага байдаг гэнэ.

Тэгвэл бидэнд яагаад Д аминдэм хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирж буй. Шатахуунгүй машин урагшлахгүйтэй адил Д аминдэмийн дутагдалд орсон хүмүүс амархан ядарч сульдан, өвчинд өртөмтгий болдог байна. Тиймээс дэлхий нийтээр уг аминдэмийг амьдралын хөдөлгүүр гэж нэрлэх болж. БНХАУ-ын өдөр тутмын томоохон хэвлэлд “Д аминдэм тоглолтыг гартаа авчээ” гэсэн утга бүхий нийтлэл саяхан гаргасан. Энэ бүхнээс үзэхэд Д-гийн дутагдал амьдралын чанарыг сааруулж буйг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Уг аминдэмийн дутагдалд орсон хүүхэд өвчлөмтгий, сульдаатай, ууртай, өсөлт нь удааширч, багтраа өвчтэй болдог бол насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт, стресс, сэтгэл гутрал, булчин, шөрмөс янгинаж өвдөх, нойргүйдэх, шалтгаангүй ядрах, сэтгэцийн эмгэгийн шинж илэрдэг. Тэр ч бүү хэл, үргүйдэлд хүргэх аюултай гэнэ.

Үс, хумс унах, арьс өнгөө алдах шинж тэмдэг нь дутагдалд орж буйн эхний дохио. Харин шинжилгээ өгөхөд кальци, фосфорын хэмжээ буурсан, шүлтлэг фосфатаза ихэссэн хариу гардаг гэнэ. Ийм шинж илэрсэн даруйд эмчид хандан шинжилгээ өгсний дараа зохих тунгаар Д аминдэм хэрэглэхээс биш, дур мэдэн ууж болохгүйг эмч нар анхааруулав. Мөн Д нь дархлааны системийг дэмжин, эрүүл амьдралын гол үндэс суурь болдгийг тэд онцолж буй. Гэхдээ уг аминдэмийг сайн гээд дуртай үедээ, замбараагүй хэрэглэж болохгүй бөгөөд цус, шээсэнд кальци ихсэх, бөөрний чулуу, уушгины саркойдоз өвчин, бензилийн спиртэд мэдрэг, элэг, бөөрний дутагдалд орсон хүнд хэрэглэхийг хориглодог байна.

Хот, хөдөөгийн эмнэлэгт амбулаториор болон хэвтэн эмчлүүлсэн 409 хүнд Д аминдэм ямар хэмжээтэй байгааг “Гурван гал” эмнэлгийнхэн судалж үзэхэд 88 хувь нь хүнд, 72 хувь нь маш хүнд хэлбэрийн дутагдалтай гарчээ. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий захирал Г.Пүрэвсүрэн “Хүний биед аминдэм, эрдэс бодис илүүдэж, бас дутагдаж болохгүй. Тогтсон хэмжээндээ байж л эрүүл саруул амьдарч чадна. Д аминдэмд ч мөн адил байх ёстой хэмжээ гэж бий. Монголчуудын 99, үүний 92 хувь нь Д аминдэмийн маш хүнд хэлбэрийн дутагдалтай гэсэн судалгаа гарсан.

Цусанд байдаг Д-гийн хэмжээ 10 нг/мл болон түүнээс доош байвал маш хүнд хэлбэрийн дутагдалтай гэж үздэг. Үүнийг хэвийн хэмжээнд байлгахын тулд шинжилгээ өгч, тодорхойлсны дараа эмчилгээ хийдэг. Гэхдээ Д аминдэмийг нэг удаа уугаад л орхих биш, авах ёстой тунгаа өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, насан туршдаа ууж эсвэл тариагаар хэрэглэнэ гэсэн үг. Учир нь энэ аминдэм нь шатахуун шиг зарцуулагдаад дуусдаг учраас тэр. Манайхан шинжилгээ өгөлгүй, замбараагүй хэрэглэснээс Д-гийн илүүдэлд ордог.

Хүний цусанд Д аминдэмийн хэмжээ 75 нг/мл түүнээс дээш байхад бүх төрлийн хавдраар өвдөх болон зүрх, судасны системийн гаралтай (зүрхний шигдээс, цус харвалт) эрсдэлийг эрс бууруулдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон. Д-гийн дутагдлын улмаас дөрвөн “Х”-д өртөмтгий болдог гэж үздэг. Энэ нь халдвар, хавдар, харшил, ханиад. Ялангуяа, хоол боловсруулах эрхтэн систем, түрүү булчирхай, өндгөвч, хөх зэрэг булчирхайлаг эрхтэн хавдарт маш өртөмтгий болдог. Түүнчлэн сүрьеэгээр өвчлөх нь түгээмэл. Сүрьеэгийн өвчлөл гамшгийн хэмжээнд хүрснээ зарласан Ази, Номхон далайн бүсийн долоон орны дөрөвт нь манай улс багтсан.

Ийм өвчтэй хүний шүлсэнд сүрьеэгийн савханцар бий бөгөөд үүнээс хамгаалах гол арга нь дархлаа. Дархлаагаа дэмжих чухал алхам нь Д аминдэм хэрэглэх” гэж ярив. Д-г хэрэглэснээр элдэв өвчний эмчилгээний үр дүн сайжирч, эдгэрэх хугацаа богиносдогийг анагаахын шинжлэх ухаан нотолжээ. Хавдар гэдэг нь энгийнээр эсийн хяналтгүй ургалт. Өөрөөр хэлбэл, дархлааны систем үүнд хяналт тавьж чадахгүйгээс эс эмгэгээр ургаж, хавдар үүсгэдэг байна. Тиймээс уг аминдэмийг хавдар тусахаас урьдчилан сэргийлэхэд болон туссан үед Д-гийн хэмжээг 70-100 нг/мл хооронд барих нь тустай аж. Хүний биед уг аминдэм 30-70 нг/ мл байвал хэвийн хэмжээ гэж үздэг бөгөөд хэдэн настай, ямар ажил эрхэлж буйгаас хамаарч өдөрт 1500-4000 олон улсын нэгж Д хэрэглэх шаардлагатай юм байна.

Хөгжилтэй орнууд Д-г эрүүл амьдралын үндэс гэж үзсэн учраас үндэсний хөтөлбөр боловсруулан иргэдээ үзлэг, шинжилгээ, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг гэнэ. Харин манай улс хүн амынх нь 99 хувьд “улаан гэрэл” асчихаад байхад чимээгүй суусаар.

Доктор Д.Ганмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.