Хатан хаан II Элизабетийг Уиндзорын ордонд оршууллаа

Twitter Print
2022 оны 09-р сар 20-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Хатан хаан II Элизабетийг Уиндзорын ордон дахь Эзэн хаан VI Жоржийн дурсгалд зориулан бүтээсэн бунханд нөхөр хунтайж Филиппийнх нь шарилын хажууд оршуулжээ.

Хатан хаан Элизабетийг оршуулах ёслолд зөвхөн Эзэн хаан III Чарльз болон хатан хааны гэр бүлийн гишүүд оролцсон байна.

Эдинбургийн гүн хунтайж Филиппийн шарилыг гэргий Хатан хаан Элизабеттай хамт оршуулахын тулд Уиндзорын ордон дахь Эзэн хаан VI Жоржийн дурсгалд зориулан барьсан бунхан руу урьдчилан шилжүүлжээ.

Уиндзорын ордон дахь тус бунханд Хатан хаан II Элизабетийн аав Эзэн хаан VI Жорж, ээж Хатан эх Элизабетийн шарилаас гадна дүү гүнж Маргаретийн чандар байрлаж байгаа аж. Хатан хаан Элизабетийг оршуулах ёслолоос өмнө Уэстминстерийн сүмд Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол болж өнгөрсөн ба тус ёслолд Хатан хааны гэр бүл, ойр дотныхноос гадна орон орны төрийн тэргүүнүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцсон юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Вальтер Штайнмайер, Японы Эзэн хаан Нарүхито, Бутаны хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг зэрэг удирдагчид Хатан хаан Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлжээ.

Их Британийн Нэгдсэн Вант улсын хаан ширээг 70 гаруй жилийн турш удирдсан Хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд Шотланд дахь шилтгээндээ 96 насандаа таалал төгссөн билээ.

Хатан хаан Элизабетийг оршуулах ёслолын үеэр Уиндзор хотод 100 мянга орчим хүн цугларсан ба хотын аюулгүй байдлыг хангахад цагдаагийн 2000 албан хаагч, цагдаагийн 28 анги бүрэлдэхүүн оролцжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.