
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-ыг зорьсон байна.
Хойд Солонгосын KCNA агентлаг Ким Жон Ун замд гарахынхаа өмнө хуягт галт тэрэгнээсээ даллаж буй гэрэл зургийг нийтэлсэн байна.
Хойд Солонгосын удирдагчийг төрийн дээд албан тушаалтнууд, зэвсэгт хүчний албан хаагчид дагалдаж байгаа ба хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт мягмар гарагт болно хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.
Кремлийн зүгээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна хэмээн мэдэгдсэн байна.
Энэ удаагийн айлчлал нь Ким Жон Уны хувьд коронавирусын цар тахлаас хойш гадны улсад хийсэн анхны айлчлал болж байгаа юм.
Вашингтон Ким Жон Ун, В. Путин нар Пхеньян ОХУ-д зэр зэвсэг нийлүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэнэ хэмээн үзэж байгаа аж.
Хамгийн сүүлд Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн цөмийн хэлэлцээр амжилтгүй болсны дараахан буюу 2019 онд ОХУ-ын Владивосток хотод айлчилж, В. Путинтэй уулзаж байсан билээ.
Хойд Солонгосын удирдагчийн зорчиж буй галт тэрэг нь багадаа 20 хуягт вагоноос бүрдэх ба энгийн галт тэрэгнүүдээс жингийн хувьд хүнд учраас цагт 59 км-с илүү хурдтай явж чаддаггүй аж.
Цагаан ордон ОХУ, Пхеньян хоорондын зэх зэвсгийн хэлэлцээр эрчимжсэн тухай онцолсон билээ. АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хойд Солонгост айлчлахдаа Пхеньянаас их бууны сум нийлүүлэхийг хүссэн тухай дурдсан юм.
ОХУ Пхеньянаас зэр зэвсэг авсныхаа төлөө Пхеньянд хүнс, түүхий эд нийлүүлж, НҮБ зэрэг олон улсын чуулга уулзалтууд дээр Хойд Солонгосыг үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн тохиролцоонд хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.