СГЗ Г.Жамьян - У.Хүрэлсүх ээ, хичнээн хүний өвчин зовлон, үхэл хагацлаар Ерөнхийлөгч болох гэж зүтгээд байгаа юм бэ?

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Коронавирус цар тахал Монголын төв, хөдөөгүй голомтлон гарлаа. Дөрөвдүгээр сарын 6-нд л гэхэд улсын хэмжээнд 831, Улаанбаатарт цар тахлын 700 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Мөн ч аврага тоо шүү?! Гуравхан сая хүнээ дэлхийн улс гүрнүүдтэй харьцуулах юм бол 831 тохиолдол гэдэг маань олон улсад дээд зэрэгт хүрлээ гэсэн үг байх. Тэгтэл манай Засгийн газар онцгой комиссынхон огт тоосон шинжгүй “Ерөнхийлөгчийн сонгуульд төдөн төгрөг зарна”, “Зэрлэг ан амьтанд тэжээл хүргэнэ”, ”Ботго бойжуулсан малчинд мөнгөн урамшуулал олгоно” гэж өглөө оройгүй зарлаад л байгаа. Хүн нь мал амьтнаасаа доор үнэлэгддэг улсад л ийм байдаг юм байна. Баахан хямд, хандивын вакцин оруулж ирээд тарьчихсан чинь сар гаруйхан хугацаанд вакцин хийлгэсэн 700 гаруй хүн халдвар авлаа. Вакцин гэдэг чинь өвчнөөс хамгаалдаг эд юм уу, өвчлүүлдэг эд юмуу учрыг нь олохоо болилоо.

Улаанбаатар хот цар тахлын голомт болоод арга тасарч байхад өнөөх эмч ажилтнууд нь шинжилгээний хуурамч бичиг баримтаар өч төчнөөн хүнийг хөдөө орон нутаг руу явуулаад бараг бүх аймгийг цар тахлын голомт болгочихлоо. Тэгсэн хэрнээ хуурамч бичиг баримтаар хөдөө тийш нь явуулсан хүний тоо, хэн гэгч ямар мэргэжлийн, ямар эрх мэдэлтэй хүмүүс энэ хуурамч шинжилгээг тарааж, хэдий мөнгө завшсан, эсвэл байгууллагадаа оруулсан уу, бүгд нууц. Тэр битгий хэл санаатайгаар өвчин тахал тараасан тэр хүмүүст арга хэмжээ авсан уу? Арга хэмжээ авсан нэр хэмээгээд өнгөрсөн үү? Бүгд нууц.

Хэрэг явдлыг ингэж их нууцлаж байгаа болохоор олон түмэн бол энэ хэрэг явдлыг их дээрээс зохион байгуулжээ гэж хардаад байгаа. Хардах эрх ард түмэнд бий. Олон янзын үндэслэлээр хардаж байгаа. Би бол ужигарсан цар тахлыг ганцхан өнцгөөс хардаг хүн. Юу вэ гэхээр сонгууль! Энэ хоёр жилд чинь дөрвөн сонгууль таарч байгаа юм. Эрх баригч манай нам (Ардын нам) 2020 онд Улсын их хурлын болон орон нутгийн сонгуулиудыг цар тахлын дундуур явуулж, нэг ёсны худал хуурмаг аргаар “ялалт” байгуулсан. Өнгөрсөн жил цар тахлыг бүрмөсөн устгая гэж хүчин зүтгэсэн бол 14 -21 хоногийн дотор хоггүй устгах байсан тэгээгүй. “Цар тахал нь байж л байг” гэсэн сэтгэлээр хандацгаасан. Коронавирус цар тахал болон бидний ядуурлын нэр барин мөнгө л цуглуулаад байсан. Яг үнэнийг хэлэхэд дэлхий их харж үзсэн шүү. Азийн хөгжлйин банк, ДЭМБ, Орос, Хятад, Япон, Солонгос... манайд туслаагүй улс орон цөөхөн байх, Коронавирустэй тэмцэхэд 5.1 их наяд төгрөг зарцуулж байгаа бололтой мэдээ мэдээлэл ч түгсэн. Одоо бол өвчний нэр бариад олон улсын хөгжлийн ассоциацаас 50.7 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авахаар болчихоод байгаа гэсэн. Түүнээс ядарсан ард түмний гар дээр очсон нь хэдий юу байгаа юм. Би л олж харахгүй байгаа.

Эрх баригчид болон тэднийг зулгуйдаж амьдардаг хэсэг бүлэг хүн “Монголын мөнгийг энэ ард түмэн чинь халамжаар хоосолчихлоо. Бэлэн мөнгө л өгч болохгүй шүү” гэж загнасаар ард түмнийхээ 30 гаруй хувийг нэн ядууруулж, хоногийн хоолгүй болгочихоод байгаа. Би энд нэг л зүйлийг тодруулмаар байна. Ерөнхийлагчийн шаардаад байгаа өрх  бүрт 1 сая төгрөг, бидний бичээд байгаа дундаас доош орлоготой гэр бүлд 1 сая төгрөг тараагаад хатуу хөл хориогоор цар тахлыг 14-21 хоногт дарж авъя гэсэн бодлого чинь “халамж” биш юм шүү. Гамшгийн үед иргэддээ олгох ёстой энэ мөнгийг чинь олон улсын хууль дүрмээр “Нөхөн олговор” гэдэг юм. Цар тахлын гамшгийн үед дэлхийн бараг бүх улс орон ард түмэндээ нөхөн олговрын бэлэн мөнгө тараасан. Д.Трамп зарлиг гаргаж байгаад хэдэн ч удаа ядуустаа мөнгө тараавдаа! БНСУ, нийт иргэдээ 4 удаа мөнгө тарааж амьдрал ахуйг нь тэтгэсэн байдаг.

Ингээд бид нэг жил гурван сар цар тахлын хорионд дөрвөн сонгуулийн шоун дунд амьдарч байна. Бидний цөөхөн монголчууд энэ хугацаанд өвчин зовлон, үхэл хагацалгүй, аюул гамшиггүй амьдрах бүрэн боломж байсан юм. Даанч энэ төр засгийн эрх баригчид, тухайлбал У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Я.Содбаатар, С.Амарсайхан нар биднийхээ төлөө сэтгэл гаргасангүй, дан ганц сонгуулиар шоудаж энэ олон сарыг өнгөрөөлөө. Намайг худлаа хэллээ, гүтгэлээ л гэх байх. Цорын ганц үнэн энэ шүү! Энэ олон сарын дотор, том хотын ганц дүүрэг ч хүрэхгүй Улаанбаатар хотоо цар тахлын голомт болгон нийслэлчүүдээ хөл хорионд суулгана гэдэг даанч ичгэвтэр үйлдэл биш үү?! Манай нийслэлийн хувьд, Монгол улсын хувьд корона-г үндэс суурьгүй устгана гэдэг чинь 14-21 хоногийн л ажил юм билээ. Даанч сэтгэл гаргасангүй.

Энэ үгийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Монголчуудын олонх ингэж бодож, хэлж байгаа юм. Саяхан АНУ–ын Конгрессийн дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хорооны байгууллага - Эрүүл мэндийн хэмжил зүйн газрын гүйцэтгэх захирал эрдэмтэн эмэгтэй Б.Мөнхням сонинд өгсөн ярилцлагадаа: “Тэгш эрх гэж байхгүй ийм төр засгаар иргэд удирдуулж байна. Цар тахал гээд хөл хорилоо. Хэдэн сая хүн амтай газарт халдварыг дор нь бариад зогсоох боломжтой ч төр засгийнханд цар тахал ашигтай хувилбар байгаа учраас тэд бууруулахыг хүсэхгүй байна” гэж бичсэн байна. Энэ бол Монголдоо байгаа төдийгүй гадаадад байгаа мянга мянган хүний үг. Төр засгийханд ашигтай хоёр хувилбар бий. Нэг нь өвчин тахлын нэр барин гуйлга гуйж дөрвөн сонгуулийн мөнгө босгох; Нөгөө нь хөл хориогоор далимдуулан “хар машинаар” сонгуулийн луйвар хийх явдал юм. Өнөрсөн хоёр сонгуульд ийм л аргаар “ялалт” байгуулсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль, намрын нөхөн сонгуулийг яг ийм бусармаг аргаараа явуулна. Корона–г дарж авах асуудал энэ оны аравдугаар сард нөхөн сонгуулийн дараа л хүчээ авч магадгүй болчихлоодоо. Хоёр сонгуулиас хэдэн төгрөг үлдвэл шүү дээ!

Ер нь тэгээд нэг намын дангаар ноёрхолын үед бүтэлгүй, худалч хүмүүст их эрх мэдэл өгвөл яаж ч мэдэх юм байна даа. Та нар хар даа! Энэ цар тахлыг чинь аль хэдийнэ, хоггүй устгачих боломж байсан. Бүх нийтийн хатуу хөл хорио, нөгөө нь цаг алдалгүй чанартай вакцинаар дархлаажуулах явдал. Манай эрх баригчид алиныг нь ч тоогоогүй. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, С.Энхболд нар “14-21 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод дор нь дарчихъя” гэж Засгийн газар УОК-т удаа дараа санал тавьж байсан юм билээ. Засгийн газар дээр очиод бут цохигддог байж. Шудрага үнэнээр явж хатуухан шаардлага тавьсан хүмүүсийг нь халж дан өөрсдийнхөө танил талыг тавьсан байгаа.

Хатуу хөл хорионоос эрх баригчдыг айлгадаг ганцхан зүйл бий. Тэр нь мөнгө. Хатуу хөл хорио тогтоохын өмнө олон улс орон, дундаас доош орлоготой юм уу ядуу өрхүүдэд бэлэн мөнгө тараадаг, хүнс, эм хангамжийг нь ойртуулж бэлдэж өгдөг юм билээ. Манайх бол сонгуулийн насны залуучууддаа “сургалт” нэрээр нэг нэг сая төгрөг тараах гэж байгаа. Тэр мөнгийг ядуу гэр бүлдээ өгөөд 14-21 хоног хатуу хөл хорио “00 зогсолт” хийгээд цар тахлаа дарчихаж болох юм шүү дээ. Тийм бодол энэ эрх баригчдад даанч алга. Бүр болиод, хэсэг бүлэг хүмүүс энэ цар тахлыг чинь хуурамч шинжилгээгээр орон даяар тараачихлаа. Над бол, дээрээс зохион байгуулсан ч юм шиг харагдаад байгаа. Коронавирусын хуурамч шинжилгээ хийж өгөөд  хөдөө тийш халдвар тараачихсан хүмүүстэй хариуцлага тооцсон уу? Арга хэмжээ авагдсан хүн байна уу? Халдварт өвчин санаатайгаар тараасан хүмүүст эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авах хатуу зүйл анги бий шүүдээ. Тэр зүйл ангиар арга хэмжээ авагдсан мэдээ мэдээлэл алга болохоор, надаас эхлээд олон хүн эрх баригчдыг хардаж байгаа юм. Цар тахлыг орон нутаг руу тарааж “Сонгуулийхаа бэлтгэлийг хангаж байна” гэж?!

Түрүү жилийн хоёр сонгуулиар энэ коронавирус манай намынханд өгөөжөө өгсөн л дөө. Цар тахлын нэрээр олж авсан асар их мөнгийг тарааж сонгогчдын саналыг худалдаж авсан. АНУ-аас тус бүр нь 250 мянган ам долларын үнэтэй “хар машин” авчирч иргэдийн саналыг луйвардсан. Хохирсон олон хүн баримт дэлгэж шалгуулах гэж шаардлага тавьсан боловч “гамшгийн үеийн хууль журам” яриад хүлээж аваагүй. Эрх баригчдын ивээлд багтсан Сонгуулийн Ерөнхий хороо, УОК, НОК хууль хяналтын байгууллагууд иргэддээ болохоор “гамшгийн үеийн хууль журам”яриад хавьтуулаагүй. Дараа дараагийн сонгуульд энэ л тактикаа хэрэглэх гэж коронавирусыг орон даяар тараачихаад Дэмчигийн хийдэд залибирч мөргөцгөөгөөд сууж байгаа шүү дээ.

Сүүлийн үед бидний тархийг угаадаг юм нь вакцин болсон. Анх вакцины сураг дуулдаж Модерна, Пайзер вакцинууд туршигдаж байхад манай эрхэм дээдэс: “Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах мөнгө бэлэн болсон” гээд ханхалзаад байсан, их ч мөнгө цугласан байх. Тэгсэн чинь өнөөдөр газар газраас хэдэн хямд, хандивын вакцин авч хийчихээд мөнгө дууссан, олон улсын байгууллагаас 50.7сая ам доллар зээлж вакцин худалдаж авна гэнэ. Өнөөх 5.1 их наяд төгрөг хаачсан бэ? Ингэж л бидний тархийг угаагаад байгаа юм даа. Ард түмэндээ болохоор “байхгүй” гэдэг, дээдэст болохоор лусын эзэн шиг их мөнгө тараадаг сангийн  сайд Ч.Хүрэлбаатарыг арай чамай зайлуулсан ч “сахил хүртээд шал дордов” гэгчээр банкны дарга Б.Жавхланг авчирч тавиад бүр дордуулдаг байгаа. “Мөнгө байхгүй” гэнэ. “Эмнэлгийн ор байхгүй” гэнэ. “Хүний нөөц дуусч байгаа” гэнэ. Гэрээлсэн вакцин нь орж ирдэггүй. Түмэн зовлон тоочиж байна. Тэгээд л У.Хүрэлсүх тамгаа нутгийнхаа дүүд өгчихөөд ум хумгүй зугтаасан байх. Эмнэлгийн ор байхгүй гээд хэдэн зуун өвчтөнийг гэрээр нь эмчилж байгаа нэрээр корона-г хяналтаас гаргачихлаа. Улаанбаатарт барилга сав шиг их зүйл байхгүй. Хэдэн зуу, мянган орон сууц эзэнгүй байна. Сургуулиудын байр танхим, дотуур байр, амралт сувилалын газрууд, хэдэн зуу мянгаараа байна. Тэхэд л мөнгөө харамлан “гэрээр эмчилж байгаа нь энэ” гээд бараг бүх айл өрхийг халдвартай болгочихлоо. Бас эмч ажилтнууд хүрэлцэхгүй байна гэнэ. Худлаа! 

Насаараа тарваган тахлын голомтонд ажиллаад тэтгэвэртээ саяхан гарсан их эмч хүн “энэ эмчилгээ үйлчилгээнд” чинь хамт ажиллая гэж гуйгаад ЭМЯ-ны сайд дарга нарт хэдэн удаа хэлсэн чинь аваагүй гэнэ. Энэ чинь, эмч мэргэжилтэн дутагдалтай байгаа нь энэ үү?! Ер нь хүний нөөц хомсдвол хөрш хоёр улсаасаа эмчилгээний баг урьж болно шүүдээ. Даанч сэтгэлгүй хандаж байна. Төр засгийн зүгээс цар тахалтай тэмцэж байгаа нь энэ гэж гараа угаах, зай барих, маск зүүх гуравхан шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг чинь дуулгавартай,тэвчээртэй ард түмэн чинь үг дуугүй биелүүлж байгаа. Харин!

Төр засгийн зүгээс л коронавирус цар тахлыг зохион байгуулалттай тарааж байгаа шүү!

  • У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулж, УОК –ыг удирдлагагүй болгож, мэргэжлийн багийг тарааснаар хоногт 66 хүн өвчлөөд л эхлэсэн. Зориуд санаатай юм шиг ийнхүү хяналтаас гаргасан. Тэр доор нь хатуу хөл хорио тогтоогоод хумиж болох байсан л даа. Тэгээгүй, зөнд нь орхисон.

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм журам бидэнд л үйлчилж байсан. Эрх мэдэлтнүүд, дээд зиндааныхан бол дураараа тонгочсоноор өнөөдөр цар тахал хоногт 831 гардаг болоод байна (4-р сарын 6 -нд).

  •  Жирийн иргэдээ 5 хүнээс илүү бөөгнөрүүлэхгүй гэсэн хэрнээ бүх аймаг, хотуудын төлөөлөлтэй хэдэн зуу, мянган хүний хурал хийж коронавирусыг тараалаа. Зөвхөн Булган аймгаас л гэхэд Засаг дарга нь удирдсан том бүлэг хүн хотод архидсаар, олимпийн аврага Н.Түвшинбаяр нь нэг нөхрөө бараг л алахад хүрлээ.Тэгсэн чинь өнөөх “орны хүрэлцээгүй” эмнэлгийнхэн, эмч нар нь тэр зодоочийг эмнэлэгтээ аваачиж хэвтүүлсэн байх юм. “Харилцан зодооны хэрэг” болгож байгаа нь энэ. Энэ бүхнийг зохион байгуулсан хүмүүст арга хэмжээ авсан уу?! Үгүй.

  •  Улаанбаатарт коронавирусын долоо найман зуун тохиолдол бүртгэгдээд байхад ОБЕГ–ын дарга удирдлагууд нь гэр бүлээрээ Өмнөговь аймагт зугаалж хүрээ хийдэд мөргөж явах юм. Мөн ч арилсан дотор шүү!! У.Хүрэлсүх, Л.Оюун –Эрдэнэ, С.Амарсайхан нар ийм л хүмүүсээ томилж, толгойг нь илээд байгаа юм шүү дээ.

  • Цар тахал орон даяар дэлгэрэхэд гол нөлөөлсөн зүйл нь архи. Монгол улс архин далайд живж, хичнээн ч хүн нас баравдаа. Тун саяхан Налайхад архидаад нэгнийгээ аллаа. Хоногт эрүүлжигсэдийн тоо 200-гаас  буухгүй байгаа. Согтуу жолооч хоногт 80-120 бүртгэгдээд л байна. УИХ, Засгийн газрын эрх мэдэлтнүүд бүгд ардаа архины үйлдвэр, дэлгүүр, баар цэнгээний газартай, яаж ч хөл хориод, тэд бол бүрэн эрхтэй, архиа цутгасаар л байна.

  • Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоочихоод байхад УОК –ын дарга С.Амарсайханых нь эхнэр өвчний голомтод хэдэн цаг саатаад гэртээ харьчихсан, өнөөх журам сахиулдаг дарга маань “Манай эхнэр гэртээ өөрийгөө тусгаарлаад байгаа. Бид хоёр олон хоног уулзаагүй” гэж гүрийдэг байгаа. Иргэн хэнд ч өвчин зовлон тохиолдоно. Аав ээжтэйгээ уулзах, нүүр нүүрээ харах хэрэг байлгүй яахав. Хатуу дэглэмийг сахих хэрэгтэй шүү дээ.

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын үед УИХ–ын гишүүн нь онгоц хөлөглөн гадаад дотоодод дур зоргоороо зорьчсон, УИХ–ын гишүүн байсан хүн, хулгайн замаар Халх –гол орж баригдаж, дарга сайд нар нийлж архидсан, найрласан, өчнөөн тохиолдол бий. Зохион байгуулалттай бүлэглэл коронавирусын хуурамч шинжилгээг тараасан, энэ бүхэн чинь цар тахлыг орон даяар тарааж хяналтаас гаргалаа. МАН–ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ, УОК-ын дарга С.Амарсайхан нар ийм байдалтай хайр найргүй тэмцэл хийсэнгүй, өөрсдөө дунд нь найрчихлаа. Боддог ярьдаг юм нь Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгууль. Энэ ондоо багтаж хумихгүй нь ээ.

У.Хүрэлсүхээс ганцхан зүйл асууя. Хичнээн хүний өвчин зовлон, үхэл хагацлаар Ерөнхийлөгч болох гэж зүтгээд байгаа юм?!

Г.Жамъян

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (122.201.31.89) 2021-04-09 11:18
      • 0
      • 0

      Болж буй бодит байдлыг маш үнэн бичсэн байна, улс орноо боддог юм мэддэг хүмүүс ийм үгийг хүлээж байгаа, бүгд уншаарай.

      Хариулах

    • зочин

      (150.129.141.187) 2021-04-08 20:06
      • 0
      • 0

      Яг үнэн. Дээрээсээ төлөвлөсөн байдлаар явагдаад байгаа юм.Ковидтой зохицож амьдарна ч гэх шиг,бүр мөсөн дарж авах сонирхолгүй байна

      Хариулах

    • Irgen

      (107.19.9.109) 2021-04-08 14:47
      • 0
      • 3

      Mundag ynen bichjee hyn bolgon unshaasai

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.128) 2021-04-08 12:30
      • 0
      • 3

      Сонгуулиас сонгуулийн хооронд хэлмэгдэж, туйлдаж гүйцлээ. Хамаг мөнгө зөвхөн сонгуульд зарцуулагдаж байгаа нь үнэн.

      Хариулах