
Агаарын тээврийн Cathay Pacific компани ачаа тээврийн онгоц жолооддог 3 нисгэгчээ нисэх онгоцны багийнхны баримтлах журмыг ноцтой зөрчсөн хэмээн ажлаас нь халжээ.
Саут Чайна Морнинг Пост сонинд бичсэнээр нисгэгчид Франкфуртад түр хугацааны зогсолт хийх үедээ зочид буудлынхаа өрөөнөөс гарч, коронавирусын халдвар авчээ.
Тэдгээр 3 нисгэгчээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэдэнтэй хавьтал болсон нисгэгчид, онгоцны үйлчлэгчид зэрэг 150 гаруй хүн Хонгконгт ирсэн даруйдаа 3 долоо хоногийн тусгаарлалтанд оржээ.
Хонгконгт коронавирусын дотоодын халдвар сүүлийн саруудад бүртгэгдээгүй ч эрх баригчид нь тусгаарлалтын журмаа чангатгажээ.
Дэлхийн бусад улс орнууд коронавирусын халдвартайгаа амьдрах, нэмж хязгаарлалт тогтоохгүй байх бодлого баримталж эхлээд байгаа бол Хонгконг Бээжингийн адилаар коронавирусын цар тахлыг хяналтандаа авахын тулд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон хэвээр байгаа юм.
Нисгэгчид нь коронавирусын халдвар авсантай холбоотойгоор Cathay Pacific компани онгоц нь түр зогсолт хмйж буй улс орнуудад онгоцны багийн гишүүд эрүүл мэнд, аюулгшй байдлын бүх дүрэм журмыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих үйл явцаа чангатгана хэмээн мэдэгджээ.
Тус компанийн бүх ажилчид коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ба компанийн зүгээс ажилчдаа нэмэлт тунд хамруулахаар төлөвлөжээ.
Гадаадаас ирж буй иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран бүгд 3 хүртэлх долоо хоногийн тусгаарлалтанд орох журамтай холбоотойгоор Хонгконгийг зорих иргэдийн тоо эрс буурчээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.