
Энэ жил Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойг тохиож буй. Энэхүү тулалдаанаас олон баатрууд төрөн гарч эх орон тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөсөн байдаг. Монгол улсын баатар, Армийн генерал, БХЯ-ны сайд асан Б.Дорж, Монгол улсын гарамгай баатар, хурандаа Л.Дандар, нэрт тагнуулч, Монгол улсын баатар Л.Гэлэгбаатар, Монгол улсын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 105 жилийн ой мөн 2019 онд тохиож байна. Дээрх баатруудын эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гайхамшигт үйл хэргийн тухай манай сайт цувралаар хүргэж байна.
"Энэ биеэ Монгол төрийн сэлэмний ир, жадны үзүүр хэмээн сэтгэж гагцхүү Монгол төрийн төлөө үрэгдэхэд харамсах гарзгүй" Ардын Хатанбаатар ван Магсаржав…
Монгол улсын гарамгай баатар Л.Дандар 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Рашаант” гэдэг газар төржээ. 1935 онд цэргийн албанд татагдан, 1936-1939 оны хооронд Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцан төгссөн байна. Улмаар МАХЦ-ийн Матад дахь YIII морьт дивизийн 22 дугаар хорооны штабын даргын туслах, дивизийн штабын даргаар хэдэн сар ажиллажээ. Энэ үед Халх голын дайн эхэлж Тамсаг булаг дахь YI морьт дивизийн 17 дугаар хорооны даргаар томилогдсон байна. Тус морьт дивиз 1939 оны тавдугаар сарын 19-нд Халхын голд маршлан очиж Номонхан, Бүрд овоо, Хайлаастайн гол орчмоор халдан довтолсон Японы 23 дугаар дивизийн толгойн ангиудтай тулалдсан юм. Дайсан 200 гаруй хүнээ устгуулж, авто машин, их буу, пулемёт зэрэг байлдааны тенхик хэрэгслээ хаяад зугтжээ.
Тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Японы 2500 цэрэг, 75 пулемёт, 18 их буу, 8 хуягт машин, 40 гаруй нисэх онгоцоор дэмжүүлсэн арми довтолж, YI дивизийн ангиудыг шөнийн харанхуйгаар бүслэн, хүнд байдалд оруулсан байна. Энэ ширүүн байлдаанд дивизийн штабыг хамгаалж байсан Бага даргын сургуулийн суман ихээхэн хохирол үзэж, дивизийн дарга, хошууч Ч.Шарийбуу, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар нарын олон дайчид амь үрэгдсэн юм.
Харин хорооны дарга Л.Дандар дайснуудыг ойртуулж байгаад их буу, хүнд, хөнгөн пулемётын бөөн галаар хүчтэй цохилт өгч, эцэст нь дайсны өөдөөс морин цэргийн хүчээр хэдэнтээ дайралт хийж, дивизийнхээ штаб, анги, салбаруудыг бүслэлтээс гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Энэ үеэр Л.Дандар өөрийн биеэр Японы 23 дугаар дивизийн Тагнуулын отрядын дарга Адзумыг устгаж, байлдааны нууц баримт, буу зэвсгийг олзолж, дивизийн штабт хүргүүлж байв. Ийнхүү гарамгай гавьяа байгуулсан 17 дугаар хорооны дарга, ахлах дэслэгч Л.Дандарыг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнаж, ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар YI морьт дивизийн даргаар томилж, хурандаа цол олгосон юм.
Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн командлагч, Монгол Улсын Гарамгай Баатар Лодонгийн Дандар алдарт алаг морьтойгоо,
Монгол Улсын Баатар, Монгол Улсын цорын ганц Армийн генерал Батын Дорж хээр морьтойгоо,
Тамсаг булагийн 8 дугаар морьт дивизийн командлагч, Монгол Улсын Баатар Дүгэрийн Нянтайсүрэн өндөр хээртэй морьтойгоо
Халхын голын дайнд Японы цэргийг бут цохиход онц гарамгай гавьяа байгуулсан учир YI морьт дивизийн 400 гаруй цэрэг, дарга нарыг төрийн дээд одон, медалиар шагнаж, Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Л.Дандарыг Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор хоёр дахь удаагаа шагнаж, мөн оны есдүгээр сарын 7-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Л.Дандарыг Монгол улсын гарамгай баатар цолоор шагнасан байна.
Тэрээр 1949 оноос “Совмонголметалл” нийгэмлэгт баазын дарга, 1963 оноос Мотобуудлагын батальоны орлогч, 1967 оноос Улаанбаатар хотын комендант, 1968 оноос ЗХЖШ-т офицер, 1970-1972 оны хооронд Мото буудлагын тусгай бригадын орлогчоор ажиллаж байжээ. Түүний дурсгалыг мөнхжүүлэн Булган аймгийн Бүрэгхангай сум болон Нийслэл хотод Офицеруудын ордны өмнө хөшөөг нь босгож МАА-ын 132 дугаар ангийг түүний нэрэмжит болгосон юм.
Халхын голын байлдаанаас төрөн гарсан гарамгай баатар Л.Дандарын тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан, БНМАУ-ын Маршал, Ерөнхий сайд асан Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, Гадаад явдлын сайд асан П.Шагдарсүрэн дурсахдаа “Тамсаг булагт 6-р морьт хорооны даргаар Дандарыг томилсон. Тэр үед би штабын даргаар хотоос томилогдон очоод Дандартай хамт байлдаж явсан. Дайн эхлэхээс өмнө хоёрхон сар цэргүүдтэй ажилласан. 1939 оны тавдугаар сарын 28-нд дайн эхэлсэн. Манай хорооны эсрэг 300 гаруй Япон цэрэг дайрсан. Бидний аз болж хориглосон газарт дайралт хийж Япончууд 100 гаруй хүнээ алуулж буцаад зугтсан. Тэр өдөр би дивизийн заставт байсан. Харин Дандар цэргүүдээ удирдаад шууд дайралтанд орж байсан. Өөрөө пулемёт бариад дайрсан. Дивизийн дарга хүн тэгж хамаагүй дайрч болохгүй. Аргагүй л баатар хүн байсан нь үүнээс харагдаж байгаа. Нэг өдрийн дотор ялалт байгуулаад ахлах дэслэгчээс шууд хурандаа болж байсан” хэмээн дайчин нөхрийнхөө тухай, дайны жилүүдийн тухай ярьсан юм.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.