
БНХАУ-ын эрх баригчид Хятадын анагаах ухааны салбар дахь авлигын эсрэг нэг жилийн хугацаатай кампанит ажил эхлүүлэв. Тус улсад эрүүл мэндийн ажилтнуудын талаарх ойлголт эрс өөрчлөгдсөн. Ердөө гуравхан жилийн өмнө тэднийг “цагаан сахиусан тэнгэр”, “баатар” хэмээн өргөмжилж байв. Харин өнөөдөр тэд урьд өмнө хэзээ ч байгаагүй авлигын сүлжээнд оржээ. Энэ оны долдугаар сарын 31-ний байдлаар 155 эмнэлгийн дарга шалгагдаж эхэлсэн нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Өвчтөнүүдээс "улаан дугтуй" авах уламжлалт хахууль нь эм болон эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн өрсөлдөөн болж солигджээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулсан ч Хятадын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулж чадаагүй юм. Өнгөрсөн онд Хятадын эрүүл мэндийн зардал долоон их наяд юань буюу 975 тэрбум доллар болжээ. Энэ хэмжээ нь онолын хувьд үнэ төлбөргүй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай байх ёстой. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилийн хугацаанд "0 Covid"-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн их хэмжээний хөрөнгө, хотуудын төсвийн орлого буурсан явдал тус улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх чадварыг бууруулжээ. Ухань, Далянь зэрэг хотуудад орон нутгийн засаг захиргаа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хумихаар шийдэж иргэдийг бухимдуулаад байна. Харин Засгийн Газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй буй бурууг эмнэлгийн дарга, эмч, ажилчдад өгч байна. 2013-2019 онд авлигын 3546 хэрэгт дүн шинжилгээ хийхэд авлигын дундаж хэмжээ 783 мянган юань ($110.000) байжээ. Үүний 468 тохиолдолд албан тушаалтан, эмнэлгийн дарга нар арав гаруй сая юань (1.4 сая доллар) авсан бөгөөд хамгийн өндөр авлига 10 сая юань давсан байна (14 сая доллар). Тус улсын хууль хяналтын байгууллага авлигын нийт хэмжээг хоёр их наяд юань (278.6 тэрбум доллар) давсан гэж үздэг.
Хятадад 08-р сарын 14 гэхэд арав гаруй муж нь эмнэлгийн авлигын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн байна. Эмнэлгийн мэргэжилтнүүд 2018 оноос 2023 оны тавдугаар сар хүртэл хүлээн авсан үндэслэлгүй цалин (тухайлбал илтгэл, сургалт, семинар болон холбогдох үйл ажиллагааны төлбөр)-г төлөх шаардлагатай болжээ. Бээжин хотын Эрүүл мэндийн хороо нь эмч нарт зориулсан "шударга байдлын данс"-ыг нэвтрүүлж, авлига авсан мөнгөө буцааж өгөх, өмнөх алдаагаа тайлагнах боломж олгосон. Харин Шанхай хотын захиргаа хууль бус гүйлгээ, зориулалт бус зөрчлийг илрүүлсэн хүмүүст нэг сая юань ($139,000) хүртэл хэмжээний урамшуулал санал болгоод байна.
Энэхүү кампанит ажил нь Хятадын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг мэдэгдэхүйц ахиулах боломжтой юм. Авлигын гинжин хэлхээг таслан, шударга бус тоглогчдыг зайлуулах нь эрүүл мэндийн үйлчилгээг илүү хямд болгоод зогсохгүй эрүүл мэндийн даатгалын төлбөрийн хэлбэр, эмч нарын нөхөн олговорт шинэчлэл хийх замыг нээж өгөх юм. Үндэсний эрүүл мэндийн комиссын судалгаагаар хээл хахуулийн гэмт хэргийн 45 хувь нь шийдвэр гаргах үе шатанд гардаг, хээл хахуулийн хэрэгт холбогдогсдын бараг тал хувь нь захиргааны хэлтэст харьяалагддаг ба 30 хувь нь ахлах албан тушаалтнууд байна.
Эх сурвалж: https://www.cfr.org/blog/anti-corruption-campaign-chinas-medical-sector-unmasking-hidden-agenda
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.