
Хулгайчдын сүүлчийн оромж нь Тавантолгой...
Тавантолгойн орд газар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Jorc аргачлалаар тооцоход 7.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. С.Баярын Засгийн газар 2009 онд Тавантолгойн 4.0 хувь болох Ухаа худаг буюу 460 орчим сая тонн нөөцтэй хэсгийг MCS грүппт өгч байлаа.
Энэ явдал 10 гаруй жил маргаан дагуулсан хэдий ч өдгөө Энержи ресурс компани төрд жил бүр 180-200 тэрбумын татвар төлдөг, нүүрс угаах үйлдвэртэй, олон улсын бирж дээр IPO гаргасан, гадаад дотоодын хяналттай компани боллоо. Гэтэл нөгөө талд нь Тавантолгойн үлдсэн дөрвөн үндсэн хэсэг хаачив аа гэсэн асуулт гарч ирнэ.
С.Батболдын Засгийн газрын үед Тавантолгойн орд газрыг эргэлтэнд оруулах үүрэг хүлээн ажиллаж байсан шадар сайд Н.Алтанхуяг нүүрсний хэргээр засаг дамнан шалгагдаад сураггүй болсон.
Ж.Эрдэнэбатын үед Хятадын компанид давуу эрхээр өгөх гэж байхад нь тухайн үеийн УИХ-д байсан уул уурхайн мэдлэгтэй ганц гишүүн Ц.Гарамжав "Та нар тэрбум тонн гэж юу байдгийг мэдэх үү, Тавантолгойн орд газрын баялгийг тоон ухаанаар хэмжиж үзсэн үү, монголчуудыг 100 байтугай жил тэжээх орд газрыг үнэлээд зарчихна, өгчихнө гэж байдаггүй юм, үнийг нь бид биш Монголын хөгжил нэг зуундаа тодорхойлно" гэж цээжээрээ хамгаалаад уг төслийг нь унагааж байлаа. Үүнийхээ төлөө Ц.Гарамжав их ч ад болсон доо.
За ингэж байтал Тавантолгойг С.Баяр, Ц.Элбэгдорж нараас гуйж явсан Баттулга Ерөнхийлөгч болдог юм. Энэ хүн төмөр зам тавиулахгүй гэж төөрдөг үлгэр зохиогоод Монголын хөгжлийг даруй 12 жилээр уясныг бүгд мэднэ, бүр одоо ч бид өргөн, нарийн царигийн ялгаанаас болж мухардан хохирсоор байгаа. Нүүрсээ хил хүргээд, тэндээ буулгаж ачих гэж хугацаа их алддаг гээд асуудал өчнөөн үлдсэн.
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас М.Энхсайханыг томилж, тэрээр Тавантолгойн мега төсөлд Японы Сумитомо тэргүүтэй грүппийг оролцуулан шалгаруулах гэж байсных нь төлөө бас л манай нөгөө Женко бариад хорьчихлоо.
Женко Ерөнхийлөгч байхдаа Уул уурхайн сайдаар өөрийн хүн гэх Сумъяабазарыг тавиулж, нүүрсний квотыг бизнес болгож эхэлсэн дээ. Хятадууд уул уурхайн сайдын өрөө рүү цүнх цүнхээр нь мөнгө зөөж байж Монголоос нүүрс авах эрхтэй болдог, тэр мөнгө орой нь хэний өрөөнд хүргэгддэг байсан тухай зөндөө яриа байдаг, хардах эрхээ ард түмэн эдлэх л ёстой.
Тавантолгойн орд газрыг ийнхүү Монголын үе үеийн Засгийн газар эргэлтэнд оруулах даацтай алхам хийсэнгүй, харин төрд гарч, эзэнгүй Тавантолгойд эзэн суух өрсөлдөөнд гуяа алгадаад мордоцгоосон. Төрийн эрх барихын төлөө биш, Тавантолгойгоос асар их мөнгө хүүлэхийн төлөө өрсөлдөөн гээд хэлчихэд ер буруудахгүй. Энэ бүх будлиан дундуур Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа 200 шахам тонн нүүр ганц шөнийн дотор хулгайлсан хэрэг задрах гэж айлгаад албанаасаа бууж байлаа.
Ажнай Бат-Эрдэнэ гэдэг хүн албан бусаар Тавантолгойг 20-оод жил эзэгнэн сууж, аман дээрээс нь дундад зууны үеийн аргаар арилжиж хөлжөөд удлаа. Сураг сонсвол газрын эзэн феодал юм гэсэн.
Энэ мэтээр төр эзэмшдэг нэртэй, эзэнгүй Тавантолгойг хэн хүнгүй цөлмөж ирэв. Орчин үеийн уул уурхайн жишгээр IPO гаргаад, хяналттайгаар ашиглахыг хэн ч хүссэнгүй. Ингээд 30 жил өнгөрөхөд томоохон хулгайн хэрэг чих дэлслээ. 6.9 сая тонн нүүрс алга болсон талаар шуугиж байна. Приус машины дугаар тавьсан том тэрэгнүүд тойрч зогсоод, ачаад хилээр гарсан л гэлцэж байна.
Улсын Ерөнхий прокуророос Хятад, Монгол хоёр улсын прокурорын байгууллагууд хамтран шалгая гэсэн албан бичиг Засгийн газарт хүргүүллээ. Харж л байя, хаацайлаад өнгөрөх нь үү, хамтраад шалгах нь уу?
Эцэст нь хэлэхэд Тавантолгойг олон улсын том корпорациудтай хамтран олборлож, олон улсад IPO гаргасан цагт л бид хяналттай боллоо гэж итгэх боломжтой. Өөрөөр бол хулгайчдын сүүлчийн оромж нь үнэндээ бол Тавантолгой шүү дээ.
Р.Эмүжин