
Буяны сан уу, будаалганы бүтээл үү?
За нөгөө олон мөнгө тараан залгидаг сангуудын хамгийн отгон буюу Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт авсан уран бүтээлч, жүжигчдийн нэрс мөнгөн дүнтэйгээ жагсаж байна. Уг сан 1.07 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон, даргаар нь жүжигчин Ч.Ундралыг 2022 оны тавдугаар сард Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар томилсон. Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтын зарим хэсэгт "Эргэн төлөгдөхгүй" гэсэн тодотголтой мөнгөн өглөг багтсан байдаг. Энэ тодотголын дор, шууд ивээн тэтгэлэг хэлбэрээр уг сангаас мөнгө авсан олон уран бүтээлч байгаа.
Энд нэг асуулт гарч ирээд байгаа юм. Кино урлаг бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг шоубизнес хэмээх асар их мөнгө эргэлддэг, бизнесийн нэг том салбар. Ашиг орлогоороо нефть, бензин зэрэгтэй өрсөлддөг. Уран бүтээлийн чанар чансаа, гүйцэтгэл нь ашиг орлогоороо тодорхойлогддог. Хүн олноороо үзвэл сайн бүтээл, үзэхгүй алгасвал тааруухан үр жимс гэсэн үг. Гэтэл эргэн төлөгдөхгүй гэсэн гэрээгээр олон уран бүтээлч их хэмжээний мөнгө авчээ.
Хамгийн өндөр буюу 240 сая төгрөгийн дүнтэй санхүүжилтийн Ю филм-ийн жүжигчин Г. Ундармаа, Иргэдийн цахим оролцоо ТББ-ын Т.Ганцэцэг нар авсан байх юм. Хамгийн бага мөнгөн дүн нь 24.0 сая төгрөг юм аа даа, баримтыг нь харахад. Уг хэдэн арав, хэдэн зуун сая төгрөгөөрөө кино хийгээд зах зээлд гарган кино театр, бүх төрлийн интернэт борлуулалт, кабелийн сувгуудад өгөөд мөнгө олно, үзэгчид тасалбар бүрийн тоогоор мөнгө төлнө, гэсэн атлаа ашиг орлогоосоо авсан зээлээ эргүүлэн төлөхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр буяны сан болж таараад байгаа юм.
Эсвэл будаалганы ширээний зоог юм уу? Иргэн та татвараараа Кино урлагийг дэмжих санг бүрдүүлнэ, бүтээсэн киног нь дахин мөнгө төлж үзнэ гээд бод доо. Хоёр дахин төлнө гэсэн үг үү? Энэ бүхэнд хариулт байгаа л байх, ямартай ч Кино урлагийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө цөлсөн уран бүтээлчид 2024 оны сонгуулиар хэний ард, аль намд майлахыг хүлээх нь өөрөө энэ бүхний хариулт байж ч болох юм!
Бор зүрхээрээ, бодол сэтгэлээрээ, үзэл санааны тууштай байдлаараа бүтээлээ туурвиад, энэ олон мөнгөний хүүдийтэй өрсөлдөөд явж байгаа уран бүтээлчиддээ урлагийг идэх талх, зүүх гоёлын нүдээр хараагүйд нь талархан мэхийе дээ. Жич: Ч.Ундралын хувьд хэд хэдэн кинонд амжилттай тоглосон, The women киногоороо Их Британиас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан, жүжигчин, хөтлөгч, дуучин мэргэжилтэй. Түүний ахалдаг Кино урлагийн зөвлөл нь долоон гишүүнтэй. Зөвлөлийн даргаар сонгогдох ур чадварын шалгалтанд Ундрал 40 онооноос 18-ыг авсан гэх маргаан тухайн үед хэвлэлээр гарч байжээ.
Р.Эмүжин