Мьянмарт коронавирусын халдварын нөхцөл байдал хүнд байна

Twitter Print
2021 оны 07-р сар 30-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2-р сарын 1-нд Мяьнмарын цэргийн удирдлагууд төрийн эргэлт зохион байгуулж, Мьянмар даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байгаа билээ. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн хөдөлгөөнд Мьянмарын эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилтнууд нэгдсэнээр тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нурж, иргэдийг коронавирусын эсрэг дархлаажуулах, иргэдээс шинжилгээ авах ажил эмх замбараагаа алдсан юм. Коронавирусын "дельта" хувилбар тархснаар Мьянмар дахь нөхцөл байдал улам хүндэрчээ.

Мьянмарын цэргийн удирдлагууд хүчилтөрөгчийг иргэдэд борлуулахыг хориглосон ч аргаа барсан иргэд хүчилтөрөгчийн үйлдвэрийн гадаа хүчилтөрөгч худалдаж авах, баллоноо дүүргэхээр дараалалд олон цагаар зогссоор байна. Цогцос чандарлах газрууд мөн адил ачааллаа дийлэхээ больжээ. Албан ёсны тоогоор Мьянмарт коронавирусын халдварын нийт 280 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 8200 хүн нас баржээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар халдвартай иргэдийн тоо бодит байдал дээр хавь өндөр байх ёстой ба үүнд улс төр, нийгмийн тогтворгүй байдлаас болж иргэдийг коронавирус илрүүлэх шинжилгээнд цөөн тоогоор хамруулж байгаа нь нөлөөлж байгаа аж. 54 сая хүн амтай тус улсад энэ сард өдөртөө дунджаар 9000-17000 хүнийг коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан байна.

Түүнээс гадна коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо ч бодит байдал дээр өндөр байх магадлалтай ба эрх баригчид зөвхөн эмнэлэгт нас барсан иргэдийг тоонд оруулж байгаа ба эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадалгүй нас барсан олон тооны иргэд байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хүчилтөрөгч Мьянмар дахь хамгийн үнэ цэнэтэй бараа болоод байгаа ба тус улсын зэвсэгт хүчний тэргүүн Мин Ан Хлаин Мьянмарт хүчилтөрөгчийн хомстол үүссэн болохыг үгүйсгэж, иргэдийг хүчилтөрөгчийг ихээр нөөцөлж байна хэмээн буруутган, хүчилтөрөгчийг худалдаа эрхлэгчдэд зарахыг хоригложээ.

Мьянмарын эрүүл мэндийн салбар хүчин чадал муутай ч өнгөрсөн жил коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан юм. Төрийн эргэлт гарснаар нөхцөл байдал өөрчлөгдөж, төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд эрүүл мэндийн салбарын ажилчид нэгдсэн ба коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг хариуцсан дарга тэргүүтэй 72 гаруй эмнэлгийн ажилтныг эрх баригчид баривчилсан билээ.

Түүнээс гадна эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэгүй үзүүлсэн эмч, сувилагчдыг баривчилж байгаа аж. Эрх баригчид эрүүл мэндийн салбарын 60 хувь нь ажиллаж байгаа гэж мэдээлж байгаа ч олон улсын ажиглагчид уг тоог үгүйсгэж байна.

Төрийн эргэлтийн улмаас коронавирусын эсрэг дархлаажуулах ажил доголдсон ба эрх баригчдын зүгээс Хятадад үйлдвэрлэсэн 6 сая вакцин, ОХУ-д үйлдвэрлэсэн 2 сая вакцин удахгүй Мьянмарт бууна хэмээн мэдээлж байгаа аж.

Янгоны бүс нутгийн удирдах зөвлөлийн дарга Хла Согийн мэдээлснээр энэ сарын 19-нд л гэхэд коронавирусын халдварын улмаас нэг өдөрт 1500 хүн нас барсан бол эрх баригчдын зүгээс тухайн өдөр 281 хүн нас барсан хэмээн мэдээлжээ. Янгон хотын оршуулгын газрууд өдөрт 300 хүнийг оршуулах чадалтай ба үүнтэй холбоотойгоор оршуулгын газруудын гадаа урт дараалал үүссэн байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.