Хурдан морины нуруун дээр өргүүлж мордоход хийморь сэргэх биш халшрах сэтгэл төрдөг юм даа

Twitter Print
2022 оны 07-р сар 18-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл урагдаад байхаар нь морь үзэхээ больсоон. Уралдаанч хүүхдийн ажил аймаар шүү дээ. Эцэг эх, уяачаа баярлуулах гэж хар үүрээр азарганаас эхлээд ам зайлах төдий ус балгаад л дараагийн насны нуруун дээр өргүүлж мордоход хийморь сэргэх биш халшрах сэтгэл төрдөг юм даа.

14-29, 30 kм талдаа шогшуулаад эргээд уралдахад ташуураа даах тамиргүй шахуу л болдог. 4 настай морины нуруун дээр анх гарч 5-тайдаа эмээл дээрээ өргүүлж буулгуулж морь унаснаас хойш 13 нас хүртлээ хурдны морь унасаан. Тэр үeдээ их л гоё санагддаг байсан ч одоо бодоход эрүүл мэнд л чухал байна.

Дараалан 6 нас унасны ард алцан майжиг юм явж ч чадахгүй, ам хатаж, уруул омголтоод түлэгдсэн царай, урагдсан гуталтайгаа урагшгүй байлаа гэж ууртай томчуудад зодуулахаас наагуур л наадмаас буцдаг.

Бяртай айлын ганц охин гэгдэж байдгаараа "тансагласан" би тийм байсан юм чинь будаа гурилны төлөө уралдуулдаг одооны жаалуудад юу тулгардгийг мэдэхэд бэрх.

Морьд эргэх агшинд юун уралдах мөргөлдөөд дайрагдаад үхчихгүй амьд сугарвал их юм. Шүдээ нам зуугаад, нүдээ тас анихгүй бол морьдын хөлөөр боссон тоос шороо, шавар хөрс, нүх сүв бүхэн рүү чихээд хайрга чулуу хайр найргүй нүүр нүдгүй бөмбөрдөнө. Шороо нь хөлстэйгээ урсаад нүд рүү ороход хорсгож ална шдээ.

Заа замд бороо орвол нүүрэн дээр байшингийн шавар хийчихээр бэлдэц бараг үүснэ.

Заримдаа түрүүлэхэд энэ дайны байдлаас бушуухан сугарсан мориндоо баярламаар болно. Буугаад бөөр бөгс нуль хөндүүр, гуяны дотор бол зулга.

Томчууд уралдаанч хүүхдийг өөрийн үүрэгт ажлаа хийж байгаа юм шиг л боддог. Хүнд хөдөлмөр хийж байгаагаа тэд ихэнхдээ мэддэггүй.

Томчууд хоймроор айраг архиа уугаад уяа сойлгоо хөөрөлдөөд хүүхдүүдийг тоодог гэж бодно уу, үгүй шдээ.

Одоо бол дан хүний хүүхдээр хөлсөөр унуулдаг учраас хаяа бараадсан гөлөг шиг байлгадаг байж ч мэднэ.

Хэлсдүүлсэн бол өршөөнө биз.

Уртын дууч, уяач аавтай эрх охин байсан ч адуу маланд дуртай ч одооны уяач, уралдаанч нарыг таашаадаггүй ээ.

Морийг тэжээлээр бордчихоор зан ааш нь хурц, хүнд ээлгүй нэг тийм догшин машин шиг болчихдог гэж үздэг үeийн уяачийн хүүхэд болохоор өнөөгийн наадам сонин биш.

Хүүхдийг адгууснаас доогуур тавьдаг эрэмдэг үзэгдлийг ойлгодоггүй.

Уяач нь хүнлэг, адгуус нь номхон тулдаа осол эндэл бага байсан ч өнөөдөр бөөрний эдгэшгүй өвчтэй хүссэн олон хүүхдээ төрүүлэх эрхгүй л хүн болсон шүү. Тиймээс охин хүүхдээр бүү морь унуул.

Бүүрэгтэй эмээл бүр ч хэрэггүй.

Дөрөөг стандартын болгож, хүүхдийг өндөр даатгалтай болгох хэрэгтэй. Км- ыг богиносговол морьдыг галзууртал нь тариа будаагаар тэжээх хэрэггүй болно.

Ааг нь багтаж ядсан адгуус амь насанд халтай.

Монгол морьд тойргоор уралдаж чадахгүй шулуун замдаа аюул арай бага.

Барианд орохдоо бахардаж үхэх хурдан хүлэг олныг хармааргүй бгаа бол км, тэжээл 2-оо багасгах хэрэгтэй.

Олон хүүхдийн амиар тахил өргөмөөргүй байгаа бол стандарт (хамгаалах хэрэгсэл, эмээл, дөрөө, малгай, нүүрний баг, даатгал ЭМ үйлчилгээ), хууль 2-оо чангалах хэрэгтэй.

Хүүхдийн насыг дээшлүүлж, оломыг нь чангаллаа гээд байдал дээрдэхгүй.

Жич: Наадамд түрүүлээд зогсож чаддаггүй морьтойгоо зургаа авахуулах гэж үйлээ үзсэн ууртай би. Сүүлээ хавчсан морь яг ингээд эвгүй зан гаргадаг. 5 нас гаруйтай байсан байхаа. Ясархаг туранхай охин байж.

А.Мөнхжин

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.