
Энэ сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Турк улсын Элчин сайдын Ахмет Язалын эхнэр, хүүхдээс COVID-19-ийн халдвар илэрсэн болохыг өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.
Тэднийг одоо Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн байрлаж байсан өрөөнд хэвтүүлж байгаа гэнэ. Эмнэлгийн зүгээс Элчин сайдын гэр бүлийнхний дипломат эрх ямбыг нь харгалзаж үзэж, тусгай өрөө бэлдсэн нь энэ аж. Гэвч Элчин сайдын эхнэр тусгаарлагдсан өдрөөсөө эхлэн "тусгаарлагдах ёсгүй" хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн, тусгаарлах өрөөг голж, монголчуудыг элдвээр доромжилсон гэж эмнэлгийн ажилтнууд ярьсан байна.
Мөн УОК-ийн дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нартай уулзуулж, тусгаарлалтаас гарахыг шаардсан гэнэ. Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодруулахад, "Хүүхэд нь татаж унадаг өвчтэй юм билээ. Эхнэр нь сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй. Элчин сайд Ахмет Язалын зүгээс гэрээрээ тусгаарлагдах хүсэлт тавьж байсан. Мэдээж бид тэрхүү саналыг нь хүлээж аваагүй" гэсэн юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.