Ван Игийн Номхон далайн орнуудад хийж буй айлчлал олны анхаарлыг татаж байна

Twitter Print
2022 оны 05-р сар 27-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 3-р сард БНХАУ Соломоны арлуудтай Хятадын зэвсэгт хүчин, хууль сахиулагчдад Соломоны арлууд дээр үйл ажиллагаа явуулах онцгой эрх олгох аюулгүй байдлын тухай гэрээ байгуулах тухай мэдээ олон улсын анхаарлыг татсан билээ. Уг мэдээнд Австрали, Шинэ Зеланд төдийгүй Соломоны арлуудын аюулгүй байдлын түнш орнууд, Номхон далайн орнууд, АНУ-ыг хүртэл цочирдсон гэж хэлж болох юм.

Энэ долоо хоногт БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Номхон далайн орнуудад айлчилж байгаа ба тэрээр тухайн бүс нутгийн 10 улстай эдийн засаг, аюулгүй байдлын тухай гэрээ хийхээр төлөвлөж буй талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Уг гэрээг хийснээр Номхон далайн бүс нутаг дахь Бээжингийн нөлөө нэмэгдэр юм. Австрали, Шинэ Зеланд болон АНУ-ын зүгээс Номхон далайн бүс нутагт Хятадын цэрэг арми байрлах нь бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж үзэж байгаагаас гадна хамгийн том айдас нь Хятад Австралийн зүүн эргээс 2000 км зайд байрлах Соломоны арлууд дээр цэргийн баазаа байгуулж болзошгүй асуудал юм. Нөгөө талаас Бээжин болон Хониарагийн зүгээс тийм төлөвлөгөө байхгүй хэмээн үгүйсгэсэн байна.

БНХАУ-ын хувьд Номхон далайн төв хэсэгт орших Кирибати улстай мөн адил гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Соломоны арлууд болон Кирибати улс хоёулаа Тайваньтай дипломат харилцаатай байсан ч 2019 онд харилцаагаа тасалж, Бээжинтэй харилцаа тогтоохыг илүүд үзсэн билээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар Бээжин Номхон далайн жижиг улс орнуудтай гэрээ хэлэлцээр байгуулж байгаа нь Бээжин тус бүс нутагт удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгааг илтгэж байгаа аж. Хятадын Гадаад харилцааны сайд Ван И айлчлалынхаа үеэр өөр гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Австрали, Шинэ Зеланд болон АНУ Номхон далайн орнууд БНХАУ-тай гэрээ байгуулснаар тусгаар тогтнолоо алдаж, эрх баригчид иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг Хятадын цэргүүдийн хүчээр дарна гэж үзэж байна.

Микронезийн Холбооны улсын тэргүүн Дэвид Пануэло Номхон далайн бүс нутгийн 21 улсын төрийн тэргүүнүүдэд хандан БНХАУ-тай олон талт гэрээ хийхээс тагалзахыг уриалжээ. Түүний бичсэнээр Бээжинтэй гэрээ байгуулснаар Хятад болон барууны улс орнууд хооронд "хүйтэн дайн" үүсэх эрсдэл үүсэх аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.