Америкийн нэрт инээдмийн жүжигчин Робин Уильямс нас нөгчжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Америкийн алдартай инээдмийн кино жүжигчин Робин Мклаурин Уильямс өчигдөр наймдугаар сарын 11-ны даваа гарагт харамсалтайгаар нас нөгчсөн байна. Тэрээр энэ жил 63 настай байсан бөгөөд Умард Калифорни дахь гэртээ өөрийн амийг авч одсон байдалтай олдсоныг цагдаагийн газраас мэдээлжээ.Түүний эхнэр Сузан Шнайдер (Susan Schneider) уй гашуугаа илэрхийлэхдээ, ”Түүний захисан ёсоор зөвхөн Робины нас барсан тухай мэдээ анхаарлын төвд байх биш, сая сая хүмүүст бэлэглэсэн инээд хөөр, жаргалтай мөчүүдийг санан дурсаасай” гэдгийг тэмдэглэсэн байна.

"Сүүлийн үед тэрээр сэтгэл санааны гүн хямралд ороод байсан" тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Мара Буксбаум CNN телевизэд ярилцлага өгөхдөө тэмдэглэж "Энэ бол гэнэтийн харамсалтай явдал. Энэ хүнд өдрүүдэд түүний хувийн амьдралд халдахгүй байхыг гэр бүлийнхэн нь хүсэж байгааг" мэдэгдсэн байна.

Робин Уильямс 2011 оны аравдугаар сард график дизайнер Сьюзан Шнайдертэй гэрлэж  Калифорни муж улсын Напа хөндийд хуримаа хийж байсан, энэ нь түүний гурав дахь гэрлэлт байсан бөгөөд сүүлийн үед мансуурах хамааралтай болсон байсан учир эмчилгээнд хоёр ч удаа явж байсан, энэ зун дахин эмчлүүлэхээр төлөвлөж байсан аж.

2009 онд зүрхний хагалгаанд орж байсан Уильямс тухайн өдрийн өглөө 10 цагийн үед эрүүл саруул харагдаж байсан боловч 11:55 цагт Калифорнийн Marin County-ийн цагдаагийн газарт түүнийг амьсгалгүй хэвтэж байгаа тухай дуудлага ирсэн байна. Дуудлагаар очсон тусламжийн ажилтнууд 12:02 цагт түүнийг нас барсан болохыг тогтоожээ. Түүний нас барсан шалтгааныг тогтоох мөрдлөг, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өнөөдөр задлан шинжилгээнд оруулах юм байна.

Энэ тухай мэдээ Америкийн цэнгээнт шоу бизнесийн ертөнцийнхнийг цочролд оруулаад байгаа бөгөөд инээдмийн кино жүжигчин Стив Мартин өөрийн твиттер хуудсанд: " Робин Уильямс нас барсанд итгэхэд хүнд байна. Аугаа том авъяас, жинхэнэ чин сэтгэлтэй хамтрагч минь байсан юм" хэмээн бичсэн бол CNN телевизийн сүлжээг эзэмшигч асан Ларри Кинг, Уильямсийг "хүний төлөө жинхэнэ сэтгэл тавьдаг залуу, зүгээр нэг наргиантай эр биш, хүн бүхний төлөө сэтгэл гаргадаг хүн байсан юм" гэж өгүүлсэн байна.

Уильямс 1951 оны долдугаар сарын 21-нд Чикаго хотод төржээ. Тэрээр Жульярдын театрын сургуульд суралцан төгсөөд шөнийн клубүүдээр ганцаарчилсан тоглолт хийдэг байсан бөгөөд 1974 оноос ​​телевизийн олон ангит "Жаргалтай өдрүүд" кинонд дүр бүтээх болжээ.

Түүний ер бусын авъяас чадварыг нээж өгсөн бүтээл бол "Mork & Mindy" цуврал шоу бөгөөд тэрээр мөн телевизийн кино од Пэм Доберийн (Pam Dawber) хамт уг шоуд  1978- 1982 онд тасралтгүй тоглосон байна. Уильямс дэлхий дээр амьдрахаар ирсэн харь гарагийн Moрк гэх амьтны дүрд тоглодог бол Добер Минди гэх хөгжилтэй дүр бүтээдэг.

Харин бүх уран бүтээлийнхээ эцэст Уильямс 1997 онд "Ухаалаг Уилл Хантинг" киноны шилдэг туслах дүрээр Оскарын шагнал гардан авч байсан билээ.

Түүний уран бүтээлийн сүүлийн гучин жилийн хугацаанд "Good Morning, Vietnam," "Dead Poets Society," (“Мохсон найрагчдын хүрээлэн”), "Mrs. Doubtfire" болон "The Birdcage" (“Шувууны тор”) зэрэг алдартай бүтээлүүдийн маш урт жагсаалт гарна.

 

Robin Williams түүний гуравдахь эхнэр Susan Schneider.

Сүүлчийн инстаграм: Робин Уильямс энэ гэрэл зургийг өөрийн төрсөн охин Зелда Рай Уильямсын 25 насны төрсөн өдрийн баяраар авахуулж хоёр долоо хоногийн өмнө инстаграмд оруулсан байжээ.

Түүний нас барсан байшингийн өмнө хөршийнх нь охин зогсож байна.

 

Аав охин хоёр: Робин Уильямс өөрийн охин жүжигчин Зелдагийн хамт Нью-Иорк хотын Loews Lincoln Square  талбайд 2005 онд (баруун гарт) Zelda 2013 онд.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.