Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 200 гаруй тэрбумаар тасалдах ч тодотгол хийхгүй

Twitter Print
2020 оны 03-р сар 05-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргасныг манай сайт мэдээлсэн.

Энэ үеэр коронавирусын тархалтаас болгоомжилж, урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хязгаарлалт хийсэн нь төсөвт ямар эрсдэл учруулж байгаа болон ямар арга хэмжээ авах гэж байгааг сэтгүүлчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулсан юм.

Тэрбээр “Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг сайн сайжруулсан. Нэг жилийн хүндрэлийг даван туулчих хэмжээний боломж бүрдсэн байгаа. Тийм болохоор төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Нөхцөл байдлаа мэдрээд ажиллачихна. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг экспортлох асуудлаар Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ. Тэгэхээр ус үзээгүй байж хормой шуугаад яахав” гэсэн.

Төсвийн орлого 190 тэрбум орчмоор тасрахаар байгаа

-Төсвийн орлого хэдэн төгрөгөөр тасалдахаар байна вэ?

- 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах шинжтэй байна гэж би хэлж байсан. Манай яамныхан тоог нэгтгэж байгаа. Хоёрдугаар сарын тоо гарсан. Урьдчилсан байдлаар 190 орчим тэрбумаар тасалдах шинжтэй байна.

-Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Хэрвээ чөлөөлбөл төсөв хэчнээн төгрөг алдах вэ?

-Бид үнийн өсөлт болж магадгүй гэж болгоомжилсон. Одоо бол Хятадаас бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Нүүрс, газрын тос болон бусад ашиглалт малтмалаа экспортолж эхлэх бэлтгэл ажлуудаа хангаж байна. Хятадын талтай тохиролцсон. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн байгаа. Удахгүй экспорт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар өндөгний импортоос татвар авахгүй байх талаар ярилцаж байсныг болиуллаа. Учир нь манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хангах боломжтой гэсэн. Харин бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг хоёр сараар хойшлуулсан. Сарын дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээр энэ мэт бүтээгдэхүүний татварыг нэг сараар чөлөөлөхөөр хуулийн төслийг хэлэлцэх юм.

-Худалдааны төвүүд түрээсээ тодорхой хувиар бууруулж байна. Эдгээр ААН-үүдэд татварын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжих вэ?

-УИХ-ын чуулганаар хуулийг нь батална. Чуулган эхлэх хүртэл ААН-үүдэд холбогдох мэдээллийг нь өгч байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.