Өнжмөл өвс нь хөрсийг чийгээ алдаж хуурайшихаас хамгаалдаг тул шатаах хэрэггүй

Twitter Print
2021 оны 04-р сар 23-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Хавар цагт шаардлагагүй бол өнжмөл өвсийг аль болох шатаахгүй байх нь зөв байдаг. Мэдээж юуны түрүүнд гал түймрийн аюулаас сэргийлэх зорилгоор.

Мөн манайх шиг хуурай оронд өнжмөл өвс нь тодорхой хэмжээнд хамгаалалт болж байдаг. Хөрс чийгээ алдаж хуурайшихаас, мөн шимт хар болон бор шороон нимгэхэн давхарга нь хатаад салхинд хийсээд алга болохоос ч бас хамгаална гэсэн үг.

Дээр нь тэр өвсөнд амьдарч буй олон жижиг амьтад, хорхой шавьж устана. Мэдээж тэд бас л амьд байгалийн био хэлхээсийн нэг хэсэг.

Заримдаа бид боддог, шатаачихвал амархан ногоордог гэж. Тэр нь нэг талаасаа үнэн мэт харагддаг боловч үнэндээ шатаагаад сайхан ногоорсон гэхээсээ илүү шинэ залуу нахиа соёолжийг халхалж бсан хуучин өвс нь байхгүй болоод нүцгэрсэн учраас л тэгж харагддаг.

Харин заавал устгах хэрэгтэй шаардлагатай болсон үед өнжсөн өвсийг гар болон цахилгаан хадуураар хадаж авах нь зүгээр байдаг ба ер нь зун намрын цагт хадаад сурчихвал хавартаа бөөн ажил болох нь бага, бас хаврын хуурай улиралд харшилтай хүмүүст ч зовлон нь бага шүү.

Мөн хадсан өвс ургамлаар компост (даршилж задлах арга) хийж сурвал уг нь их амар, хямд төсөр зардлаар органик бордоо хийж болдог.

Харин шатаачихаар үнс нь бордоо болдог гэж бодох нь үнэн боловч манайд бол хөрсөндөө шингэж амжихгүй хийсээд арилдаг юмаа. Харин усалгааны систем сайтай бол, мөн салхигүй өдөр маш болгоомжтой шатааж чадвал, шатаасан даруйд нь усалж амжсан тохиолдолд л үнсэнд нь үлдсэн эрдэс бодис нь хөрсөндөө үлдэх боломжтой.

Ингэж чадахгүй тохиолдолд зүгээр л хийсчихнэ.

Намхайдоржийн Цогтмандах

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.