Солонгосын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан Сөүл, Тегеран хоёр элчин сайдуудаа харилцан дуудаж тайлбар шаардав

Twitter Print
2023 оны 01-р сар 20-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сук Ёл Иран улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын дайсан хэмээн нэрлэсэнтэй холбоотойгоор хоёр улс бие биенийхээ элчин сайдуудыг дуудаж уулзжээ.

Энэ долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид алба хааж буй БНСУ-ын цэргүүдийн өмнө үг хэлэхдээ БНСУ-ын "дайсан буюу хамгийн том аюул заналхийлэл" нь хөрш Хойд Солонгос улс, Арабын Нэгдсэн Эмират улсын дайсан нь Иран улс хэмээн тодорхойлжээ.

АНУ-ын Иранд тогтоосон хоригтой холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид БНСУ дахь Тегераны хөрөнгийг царцаасан, Иран Хойд Солонгос хоёр улсын зэвсгийн наймаа зэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгос, Иран хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурцдаад байгаа билээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгч Юүн Сук Ёлын үг цэргүүдэд урам зориг өгөх зорилготой байсан хэмээн мэдэгдсэн бол БНСУ-ын Гадаад харилцааны яам энэ тал дээр Тегеранд тайлбар өгөхийг удаа дараа оролдсон гэжээ.

Тегераны зүгээс Иранд суугаа БНСУ-ын элчин сайд Юн Кан Хёныг өнгөрсөн лхагва гарагт дуудаж, БНСУ-ын зүгээс уг асуудлыг шийдвэрлэхгүй бол хоёр улсын харилцааг дахин авч үзнэ хэмээн анхааруулсан талаар Ираны IRNA news агентлагаас мэдээлжээ.

Ираны Гадаад харилцааны яамны хууль эрх зүй хариуцсан орлогч сайд Риза Нажафи БНСУ-ын элчин сайд Юн Кан Хёнд Иран улс хөрш улс орнуудтайгаа он удаан жил нөхөрсөг харилцаатай байж ирсэн гэдгийг онцолж, Өмнөд Солонгосын төрийн тэргүүний үг Иран улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн утга бүхий байсан гэжээ. Түүнчлэн Риза Нажафи Сөүлийг Тегераны эсрэг нөхөрсөг бус хандлага гаргасан хэмээн БНСУ дахь Ираны хөрөнгийг царцаасан явдлыг дурджээ.

Ираны зүгээс БНСУ-ын банкуудад царцаагдсан 7 тэрбум орчим ам. долларыг нь өгөхийг шаардсаар байгаа билээ.

Өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас орлогч сайд Чо Хюн Дон БНСУ-д суугаа Ираны элчин сайд Саид Бадамчи Шабестарийг дуудаж Риза Нажафи БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сук Ёл цөмийн зэвсэг боловсруулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн нь "ор үндэслэлгүй" хэмээн мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт Сөүл Хойд Солонгосын эсрэг АНУ-ын цөмийн тактикийн зэвсгийг газар нутагтаа дахин байршуулна эсвэл өөрсдөө тэсрэх бөмбөгийг бүтээнэ хэмээн мэдэгдсэн ба энэ нь зөвхөн Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн эсрэг арга хэмжээгээ өргөжүүлж, сайжруулна гэсэн утгатай байсан хэмээн БНСУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Им Сү Сук мэдэгджээ.

Ерөнхийлөгч Юүн Сук Ёлын хэлсэн үг зөвхөн Тегераны бухимдлыг төрүүлээд зогсохгүй Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн түүнийг дипломат түвшинд томоохон алдаа гаргасан хэмээн буруутгаж, намынх нь гишүүд түүнийг илүү болгоомжтой байх ёстой хэмээн шүүмжилж байна.

Өмнөд Солонгосын хувьд Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч байсан ч Вашингтон 2018 онд Ираны эсрэг хориг тогтоосонтой холбоотойгоор Сөүл Ираны газрын тосыг импортлохоо зогсоосон юм.

Хоёр улс БНСУ-д царцаагдсан Ираны хөрөнгийг чөлөөлөх, газрын тосны худалдаагаа сэргээх асуудлыг хэлэлцсээр байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (192.82.67.7) 2020-04-03 18:08
      • 0
      • 0

      битгий өвчнөөр шоуд .ямар азаар энэ үед та нар төр бариагүй юм

      Хариулах