
Пакистаны сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайд асан Имран Ханыг баривчлахыг эсэргүүцсэн дэмжигчид болон баривчилгаа явуулахаар ирсэн цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ.
Лахор дахь Имран Ханы гэрийн гадаа цугларсан иргэд цагдаа нар луу чулуу, тоосго шидэж, цагдаа нар тэдгээр иргэдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Имран Ханыг Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа улсын өмчид байсан бэлгүүдийг худалдсан гэж буруутгаж байгаа ба Имран Хан үүнийг улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа аж.
Пакистаны хууль сахиулагчид түүнийг өмнө нь баривчлахыг хэд хэдэн удаа оролдож байсан ба энэ удаа цагдаа нар түүнийг торны цаана хийж байж сална хэмээн Имран Хан BBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрээр, "Сэтгэл санааны хувьд торны цаана орно гэдэгтээ бэлтгэлтэй байгаа. Тэнд хэдэн шөнийг өнгөрүүлэхээ мэдэхгүй, ямартаа ч бэлтгэлтэй байна." хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар эрх баригчид түүнийг хорих гэж оролдож байгаа нь ирэх сонгуульд сөрөг хүчний намыг оролцуулахгүй байх оролдлого аж. Тэрээр, " Манай намын ялалтанд миний шоронд байх эсэх нь нөлөөлөхгүй." хэмээн онцолсон байна. Пакистаны засгийн газрын зүгээс Имран Хантай холбоотой асуудал сонгуультай огт холбогдолгүй, цагдаа нар авлигын хэрэгт холбогдсон Имран Ханыг шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах гэж байгаа хэмээн мэдэгджээ. Имран Ханы дэмжигчид бусад хотуудад ч эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа аж. Имран Ханыг өнгөрсөн 4-р сард албан тушаалаас нь огцруулсан ч түүний дэмжигчид засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулж, Имран Хан парламентын сонгуулийг эрт зохион байгуулахыг шаардаж байсан юм. Тэрээр өнгөрсөн 11-р сард түүнийг хөнөөхийг завдсан явдалд одоогийн Ерөнхий сайд Шэхбаз Шариф буруутай хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.