Монголчууд өөрийн аягаа уутанд хийгээд авч явдаг байжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 07-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Монгол хүний уламжлалт эрүүл ахуйн хэрэглээг судалхул сонин зүйл олж мэднэ. “Аягагүй бол амгүйтэй адил”, “аягатай нь уудаг, адуутай нь туудаг” гэсэн үгсийн цаад утга нь дээр үеийн монгол хүн хаа явсан газраа өөрийн гэсэн амины аягаа тусгай уутанд хийгээд авч явдаг, таних танихгүй айлд ороод цай уух, хоол идэх болоход аягаа гаргаад өгдөг байжээ. Айлын эзэгтэй ч “та аягаа өгөөч” гэдэг байсан аж.

Энэ зан дадлаал орчин үеийн нян, хорууны халдварын цагт бүр нэг хэвшүүлмээр соёл санж. Тэгээд олонх хүн өөрийн гэсэн мөнгөн аягатай байсан нь мөнгөний балын ач тус, тэр дундаа нян хорууг ариутгах, наад зах нь амны хөндийн шүд бэхжүүлж, буйл үрэвсүүлэхгүй байхаас эхлээд цааш орсон хойноо хоолой хорлохгүй, ходоод гэдэс, таван цулын элдэв өвчин тусгахгүй болохыг мэддэг байсантай холбоотой. Одоо цагийн бид болохоор тансаг хэрэглээний нэгэн зүйл шиг боддог нь арай л наагуурдсан бодол юм. Түүнчлэн халуун цай хоол хийнгүүт мөнгөн аяга их халдаг болохоор арай зөөтгөөд ууж идэх хэвшил суулгадаг. Хэт халуун цай хоол нь хоолой, ходоод дотрыг түлээд өвчин үүсэх шалтгаан болдог.

Бас эрт дээр үедээ дайн самууны цагт хортой хоол унд мөнгөн аяганд хиймэгц исэлдэж, шинж тэмдэг нь илэрдэг болохоор амь насаа хамгаалах илрүүлэгч болдог байжээ. Ганц аяга гэлтгүй цай хийдэг мөнгөн завьяа, мөнгөн халбага, сэрээ, савх зэрэг нь цөм ийм үйлдэлтэй. Дашрамд дурдахад хөгшин ээжийн минь урласан аяганы уут одоо ч надад бий юм сан. 

Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.35.16) 2020-04-07 11:39
      • 0
      • 0

      Дулам доктороо та их сайхан зүйл бичиж хөндөжээ. Их баярлалаа. Хэт хутга савхаа уул нь соёлтойгоор хэрэглэж занших хэрэгтэй юм. Орчин үед тавьтиргүй залуус буруу хэрэглэж хэрэг төвөг гаралт ихсэх сөрөг талтай. Ядаж савх барих нь гарын мэдрэмжинд их тустай. Та энэ талаар сайхан санаа оноо уриалга гаргаж болох уу?

      Хариулах