Хүн өөрийн үзэл бодолтой байсны төлөө бусдад хачин жигтэй санагддаг, хараалгуулж, үзэн ядуулдаг цаг үед бид байна

Twitter Print
2020 оны 04-р сар 04-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Хүн өөрийн үзэл бодолтой байсны төлөө бусдад хачин жигтэй санагддаг, хараалгуулж, үзэн ядуулдаг цаг үед бид байна. Юуг ч шүүмжлэхгүй, бусдын юу бодох, яах нь хамаагүй мэт амьдрах амархан.

Өөрийн олж авсан мэдлэгээ ч хуваалцахгүй, хүнд хэлэхгүй байх нь сайхан. Зовлон багатай. Үүнийг олон хүмүүс "энгийн" байх гэж ойлгодог. Хэнд ч нөлөөлөхгүй, хэнийг ч сайн муугаар сэнхрүүлэхгүй. Хүний дургүй хүргэхгүй. Нийгэм хаашаа явж, тэнд юу болох нь огт хамаагүй. Өөрөө л болж байвал боллоо. Тус бүрдээ ингэж бодож явсны эцэст зарим нь нийгмийг ойлгож эхэлнэ. Бүгд адилхан зовлон туулж байгаагаа гэнэт харна. Валютын ханшинд дарлуулж, үнэтэй мах хэрэглэж, чанаргүй орон сууцанд амьдарч, өндөр хүү төлж байгаагаа мэднэ.

Эрүүл мэнд, боловсролын салбарын чанаргүй, шинэчлэлгүй байдлаас болж хүмүүс үй түмээрээ сэтгэлгээ болон эрүүл мэндийн гажуудлын хохирогч болно. Түмний зовлон нэг. Нөгөө би л болж байвал болно гэсэн бодол нь аажимдаа би ямар орчинд амьдраад байна вэ гэдэг бодолд хүргэнэ. Гэтэл энэ бүх хугацаанд тэрээр "энгийн" нэгэн байсан. Үгээ хэлсэн нэгнийг хачин гэж бодож, ойлгохоосоо илүү харааж байсан. Өөрийнх нь бодлоос өөр байсны төлөө юу, нийгмийн төлөө байсных нь төлөө юу гэж ч бодоогүй. Ийм байсан нөгөө "энгийн" хүмүүс өөрийн олон жилийн фэйсбүүкээ ухаж, гоё гарсан зургуудаа үзэж, постлосон идэж уусан хоол, үнэт эдлэл, унадаг машинаа харна.

Үүнийгээ тэр үед хэнд ч гэм хоргүй зүйл, өөрийгөө авч явж чадаж байгаа гэж боддог байсан. Үүгээрээ бусдад ямар ч муу юм хийгээгүй гэж бодсон. Гэвч энэ нь цаагуураа хэдэн хүний материаллаг хандлагыг дэмжиж, нийгмийн хүрээнд капитализмыг өдөөж байснаа ч гадарлахгүй. Хэт материаллаг хандлага, ханаж цадахгүй их хэрэглээ, түүхий эдийн хомсдол, хэт цамаан байдал дэлхийг үгүйрүүлж, аливаа зар сурталчилгаа, улс төрийн залилангийн хохирогч болж үр хүүхдээ тийш хөтөлснөө мэдэхэд хэцүү.

Нөгөө хараан зүхэж байсан өөрийн үзэл бодолтой хүмүүс шигээ нэг л өдөр өөрөө толгой сэгсэрэхэд хүрнэ. Гэхдээ ийм хүмүүс нийгэмд ямар ч үүрэг хүлээж, сайн дураараа хувь нэмэр оруулж байгаагүйгээ ойлгоод чимээгүй болдог нь жам юм. Тэд ийм ирээдүйн эсрэг ядаж ганц үг хэлж байгаагүй. Учир нь тэд "Би хүнд муу юм хийгээгүй, би яагаа ч үгүй" гэж бодсоор үлддэг.

Батчулуун Чимэдлхам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.