Европын өмнөд хэсэгт цаг агаар хэт халах төлөвтэй байна

Twitter Print
2023 оны 07-р сар 13-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Европын өмнөд хэсэгт цаг агаар хэт халах төлөвтэй байна

Ирэх өдрүүдэд Европын өмнөд хэсэг болон Африкийн баруун хойд хэсэгт цаг агаар хэт халах төлөвтэй байна.

Испани, Франц, Грек, Хорват болон Туркд агаарын хэм цельсийн 40 хэмийг давах төлөвтэй байгаа бол Италид агаарын хэм цельсийн 48.8 хэмд хүрч болзошгүй байгаа аж. Италийн Флоренц, Ром зэрэг 10 хотод цаг агаарын аюултай үзэгдлийн улаан төвшний анхааруулга гаргасан байна.

Италийн хойд бүс нутагт авто замын тэмдэг тэмдэглэгээ хийж байсан 44 настай эрэгтэй хэт халалтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас барсан байна.

Түүнчлэн Италид аялж байгаа гадаадын хэд хэдэн жуулчин халуун цаг агаарын улмаас ухаан алдсан байна.

Италийн Цаг Уурын нийгэмлэг ирэх өдрүүдэд тохиох цаг агаарын уг аюултай үзэгдлийг Церберийн хэт халалт хэмээн нэрлэжээ. Цербер нь Грекийн домогт үхэгсдийн хаант улс руу орох хаалгыг хамгаалдаг гурван толгойтой нохой аж.

Их Британийн Цаг уурын албанаас мэдээлснээр агаарын хэм ирэх баасан гарагт оргилдоо хүрэх бол БиБиСи агентлагийн цаг уурын алба Европын өмнөд хэсэгт агаарын хэм цельсийн 40 хэмийг давах төлөвтэй байгааг онцолжээ.

2021 оны 8-р сард Италийн Сицилийн арал дээр агаарын хэм цельсийн 48.8 хэмд хүрч, Европын хамгийн халуун өдрөөр бүртгэгдэж байсан билээ.

Өнгөрсөн жил хэт халалтын үеэр Европт 60 мянга гаруй хүн нас барсан ба ирэх өдрүүдэд цаг агаар хэт халах нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах төлөвтэй байна.

Халуун дулаан улиралд агаарын хэм олон жилийн дунджаас их халахыг хэт халалт гэж тодорхойлдог ба эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хэт халах үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг анхааруулсаар байгаа билээ.

Европ дахь цаг уурын судалгааны төвөөс  хийсэн судалгаагаар өнгөрсөн 6-р сар дэлхий даяар түүхэн дэх хамгийн халуун 6-р сар болон тэмдэглэгдэн үлджээ.
 

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.